Элсэлтийн ерөнхий шалгалтын эргэн тойронд

Энэ хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт / ЭЕШ/-ыг зохион байгуулах үүрэг хүлээн үзэсгэлэнт Завхан нутагт төсөрхөн арав шахам хоног ажиллах завшаан тохиов. Завхан аймгаас улс орны хөгжилд түүхэн дорвитой хувь нэмэр оруулсан хутагт хувилгаад, төр нийгмийн зүтгэлтэн, соёл урлагийн алдартан, улсын болон хөдөлмөрийн баатар, гавъяат цолтон хэдэн арав, зуугаар төрсөн нь үнэхээр бахархалтай юм.
Эдгээрээс Монгол Улсын Ерөнхий сайд асан Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилав хутагт Б.Жамсранжав, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Төрийн соёрхолт зохиолч Л.Ванган нарыг онцлон дурьдууштай хэмээн “Орон нутаг” хэмээх цахим хуудсанд бичсэнийг уншсан билээ. Гэтэл зохиогч их л даруухан загнасан ажээ. Арван хоёр хутагт хувилгаадтай, хоёр ерөнхийлөгч, нэг ерөнхий сайдтай, зургаан академич, арван найман генералтай, ардын, гавьяат цолтон, доктор, профессоруудаа бараг тоолдоггүй шахам өөр аймаг хэд байдаг бол. Завханчууд яагаад ийм IQ сайтай байдаг байна гэх цагаан атаархал аргагүй төрлөө.
Төрийн тахилгат, мөнх цаст Богд Очирваань хайрхан тэргүүтэй үзэсгэлэнт сайхан уулс, Идэр, Завхан, Тэс, Хүнгүй, Богд, Чигэстэй зэрэг түргэн урсгалт тунгалаг гол мөрөн, үржил шимтэй өвс ургамал, уушиг баясам цэвэр агаар нь нөлөөлдөг юм болов уу хэмээн мунхаглан бодож, энэ тухайгаа залуу наснаасаа үерхэж нөхөрлөсөн найз, Завханы уугуул нэгэн академичид хэлбэл тэрбээр “Нутгийн байгаль, цаг уур нөлөөлөх нь нөлөөлдөг л биз, миний бодоход завханчууд эрт дээр үеэс том жижиг дайн тулалдааны хөлд их нэрвэгдэж, ялж, ялагдсаар амьдралын хат ихээхэн суусан, амьдрахын тулд ялах, ялахын тулд хөдөлмөрлөх, суралцахын чухлыг яс махаараа мэдэрсэн ард түмэн шүү, энэ нь ч IQ-д нь нөлөөлдөг байж мэднэ” гэлээ.
Завханчууд хөдөлмөрч махруу, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг, маш хариуцлагатай нь бидний очсон эхний өдрөөс л алхам тутамд ажиглагдаж байв. Энэ жил тус аймагт 928 хүн ЭЕШ-д бүртгүүлж, давхардсан тоогоор 3724 хүн уг шалгалтыг өглөө. Ийм тооны хүн шалгалт өгөхөд 18 анги танхим, тэдгээрт ажиллах 47 хянагч багш, зургаан зохион байгуулагч байх ёстой гэж Боловсролын үнэлгээний төв /БҮГ/-өөс тооцоолон гаргаж, бидэнд зориулан боловсруулсан удирдамждаа бичсэн байлаа.
Очсон даруйд Боловсролын газрын дарга Д.Одгэрэл угтан авч хянагч багш нар, зохион байгуулагчдад зориулсан семинар эхлэхэд бэлэн гэлээ. Аймгийн ахмад багш нарын холбооны хурлын танхимд бүх хүн зарласан цагт бэлэн цуглажээ. Тэдний ихэнх нь өмнөх жилүүдийн ЭЕШ-д ажиллаж байсан туршлагатай хүмүүс аж. БҮТ-өөс бэлтгэсэн заавар зөвлөгөөг дэлгэрэнгүй тайлбарлан өгч, хүн бүртэй албан ёсны хариуцлагын гэрээ байгуулаад шалгалтын байрын бэлтгэлтэй танилцав. Тус аймагт ЭЕШ-ыг сүүлийн есөн жил МУИС-ийн Завхан сургуулийн хичээлийн байранд зохион байгуулж байгаа гэнэ. Тус сургуулийн Санхүү хангамж үйлчилгээний албаны дарга Д.Очирпүрэв ЭЕШ-ын байрны бэлтгэлийг маш сайн хангасан байсныг зориуд тэмдэглэх нь зүйтэй.
Шалгалт явагдах 18 анги танхим, заалны бүх ширээ сандлыг тоо ёсоор тавьж, хаягийг байрлуулсны зэрэгцээ ширээ бүр дээр дугаарыг орж ирсэн хүүхдэд маш сайн харагдахуйцаар босоо маягаар нааж тогтоосон нь тун зөв шийдэл байв. Мөн дүрэм журамд заасны дагуу сургуулийн коридорын булан, эргэлт, давхар бүрт хаашаа явах болон шалгалт өгөх анги, танхимын байршлыг заасан тэмдэг, тэмдэглэгээг маш ойлгомжтой, гаргацтай бичиж, сурагчид шалгалтын анги танхимаа төөрч будилахгүй, түвэггүй олохуйцаар нааж байрлуулсан байв. Бас өсгөгч, чанга яригч, сурагчдыг дуудаж оруулахад ашиглах ангийн хаяг бүхий пайзыг ч иж бүрнээр бэлтгэсний зэрэгцээ анги танхим, коридор, бие засах газруудыг маш сайн цэвэрлэж бэлтгэсэн байлаа. Ийм байхаас ч өөр аргагүй гэнэ.
Д.Очирпүрэв захирал ЭЕШ-ийг ес дэх жилдээ зохион байгуулж буйн зэрэгцээ өөрөө туйлын хариуцлагатай, нягт нямбай, удирдах ажлын арвин баялаг туршлага хуримтлуулсан, чухам л “за гэвэл ёогүй” нэгэн ажээ. Ер нь тус аймгийн Боловсролын газрынхан аргагүй л шигшигдэж ирсэн, шилдэг багш нар болох нь шууд л харагдаж байв. Дарга нь тайван дөлгөөн, эелдэг нөхөрсгөөр “удирддаг” онцлогтойн дээр “цэргүүд” нь өөрт ногдсон ажлаа дахин давтан шаардуулахгүйгээр төгс гүйцэтгээд сурчихсан нь атаархмаар. Нэг үгээр хэлбэл, энэ жилийн ЭЕШ Завхан нутагт ямар нэгэн маргаан будлиан, санал гомдолгүй, маш сайн зохион байгуулалттай болж өнгөрснийг тэмдэглэхэд таатай байна.
Мөн шалгалтын материалын боловсруулалт, дугтуйлалт, нууцлал зэрэгт ноцтой ямар нэгэн алдаа мадаг гараагүй нь БҮГ-ийн ажилтнууд нэлээд дадлагажиж байгаагийн үр дүн буй заа. Нөгөөтэйгүүр, аймгийн МХГ-ын боловсролын хяналтын улсын байцаагч Д.Должинсүрэн ЭЕШ-д эхнээс нь эцсийг нь хүртэл байнгын хяналт тавьж, бидэнд туслан ажилласанд гүн талархал илэрхийлж байна. ЭЕШ-ыг цаашид улам сайн зохион байгуулахад ямар ямар бэрхшээл байгаа талаар орон нутгийн багш, боловсролын удирдах ажилтнуудаас гарсан санал сэтгэгдлийг багцлан дурьдвал, юуны өмнө хөрөнгө санхүүгийн асуудал байна.
Тухайн аймгаас шалгалт өгч буй сурагчдын тушаасан хураамжийн тодорхой хувийг уг шалгалтыг орон нутагт зохион байгуулахад зарцуулж баймаар байна. Энэ жил гэхэд л Завхан аймгийн шалгуулагчид нийт 22 гаруй сая төгрөгийг тушаажээ. Гэтэл хянагч багш, зохион байгуулагч нарын болон төвөөс очиж буй багийн гишүүн хоёр хүний томилолт, ажлын хөлс, шалгалтын байрын төлбөрт нийлээд хоёр сая гаруйхан төгрөгийг зарцуулж байгаа нь хангалтгүй юм. Хянагч багшийн нэг цагийн ажлын хөлс 8000 төгрөг байна гэсэн мөртлөө энэ нь эцэстээ нэг удаа шалгалтад ассиестент хийсний хөлс болж хувирсан нь чамлалттай юм. Энэ нь ч аргагүй юм.
Яагаад гэвэл, 100 минут нэг ангид хөдөлгөөнгүй зогсоно гэдэг нь ЕБС-ийн багшийн цагийн ачааллыг тооцох журмаар бол 2,5 цаг юм. Учир нь нэг цагийг 40 минутаар тооцдог ёстой. Нэг зуун минут ассиестент хийсэн багш БҮГ- өөс өгсөн удирдамж ёсоор бол /100 минут : 40 минут = 2.5 цаг х 8000= 20.000 төгрөг/ 20 мянган төгрөг авах ёстой байна. Гэтэл татвар, хураамж төлөөд 6450 төгрөг авч байна. Хөдөө, орон нутагт нийтийн тээвэр төдийлөн сайн хөгжөөгүй учраас багш нар шалгалтад таксигаар ирэхээс өөр аргагүй байгаа өнөөгийн нөхцөлд энэ мөнгө ирэх, очихын унааны мөнгөө төлөөд хоёроос гурван хуушуур идэхийн төдий л цалин юм. Иймд ЭЕШ-д багш нар ажиллах сонирхол багатай байна. ЭЕШ-д багш нар ажиллах л ёстой гэж үүрэг ногдуулан ээлжийн амралттай байгаа багш нарыг ажиллуулж байв. Шалгалтын байрны хувьд ч мөн ийм бэрхшээл байна.
Тухайн сургуульд ЭЕШ зохион байгуулсны хөлсөнд БҮГ-өөс 80 мянган төгрөг л өгч байгаа нь сургуулийн орчинд нэг өдөрт бий болсон хогийг цэвэрлүүлэх, ачуулах зардалд өгөөд ч хүрэхгүй мөнгө юм байна. Сургуулийн захиралд 200 мянган төгрөг өгдөг гэнэ. Түүнийг сургуулийнх нь дансанд шилжүүлж, шалгалт зохион байгуулах ажилд зарцуулж байвал ямар вэ гэх санал ч гарч байлаа. ЭЕШ-ыг зохион байгуулахад голлох үүрэгтэй оролцдоггүй захиралд ийм мөнгө төлдөг нь бодмоор л зүйл.
Аймгийн төвийн зочид буудалд хамгийн хямд өрөө 40 мянга, 20 мянган төгрөгийн ор авахын тулд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг өрөөнд орохоос өөр аргагүй байна. Гэтэл төвөөс явж буй багшид томилолтын зардалд нэг өдөрт 29 мянган төгрөг өгч байгаа нь хангалтгүй юм. Хоолны зардалд 9000 төгрөг үлдэх бөгөөд ганц цуйван юм уу, гуляш 4500 төгрөг байгаа учраас өглөө, оройн аль нэгэнд хоосон байхад хүрч байгаа юм.
Анхаармаар өөр нэг зүйл бол энэ жилээс эхлээд шалгалтын дундуур хоёр өдөр амарч буй явдал. Дараагийнхаа шалгалтад бэлтгэх боломжийг сурагчдад өгч байгаа гэж үүнийг тайлбарлаж байгаа нь орон нутагт арай тохирохгүй байна. Алслагдсан сумдаас ирж буй сурагчид, тэдний эцэг эхэд аймгийн төвд ах дүү байтугай, таних айл ч байхгүй, голын эрэг дээр майхан барьж, эсвэл ерөөсөө машиндаа унтацгааж байхад шалгалтад бэлтгэх тухай мөрөөдөх ч хэрэггүй нь ойлгомжтой байна.
Мөн журам ёсоор бол хянагч багш ширээний хоорондуур явах эрхгүй, нэг л газарт зогсч байх учиртай. Харин том зааланд энэ журам болохгүй байна. Заалны голд тодорхой тооны хянагч зогсоохгүй бол тэнд сууж буй шалгуулагчид өөр хоорондоо чөлөөтэй ярилцах, юм дамжуулах боломж гарч магадгүй байгаа нь харагдлаа. Эцэст нь тэмдэглэхэд, ажлаа арван хуруу шигээ мэддэг, ажлын төлөө төрсөн юм шиг хүмүүстэй хамтран зохион байгуулсан учраас энэ жилийн Завхан аймаг дахь ЭЕШ маргаан будлиан, зөрчилгүй сайхан болж өнгөрлөө.
Өөриймсөг сэтгэлээр бүх ажилд гар бие оролцон туслан дэмжсэн Д.Одгэрэл даргатай Боловсролын газрын хамт олон, хянагч багш, зохион байгуулагчдыг чадварлаг удирдан ажилласан тус газрын мэргэжилтэн Д.Мягмардорж, шалгалтын байрыг үлгэр жишээ бэлтгэж өгсөн Д.Очирпүрэв захирал, Тагнуулын байгууллагаас шалгалтын материалаа авах, буцаан хүргэж өгөхөд үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий хүртэл аливаа хийдэгдэлгүй, үнэн сэтгэлээсээ тусалсан жолооч С.Доржпалам, бусад бүх багш, ажилтнуудад чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье. Дээр дурьдсан хэдэн саналыг холбогдох байгууллага, хүмүүс эрхбиш анхааран ажиллаваас бидний ажил улам урагштай болох нь дамжиггүй хэмээн бодно.
С.ЭРДЭНЭМААМ
МОНГОЛЫН МЭДЭЭ