Унаач хүүхдийг хамгийн түрүүнд хамгаалах юу болсон бэ, И.Нарантуяа дарга аа

Долдугаар сар гаргаад Монгол орны өнцөг булан бүрт сумдууд наадмаа тэмдэглэж эхэлдэг. Наадам сайхан ч энэхүү баярын дараа хурдан мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн тухай мэдээлэл олон хүний сэтгэлийг эмзэглүүлдэг. Манайхан зуны халуун, өвлийн улирлын алинд ч жаахан хүүхдүүдийг уралдааны морь унуулдаг. Гадаадын хүүхдийн эрхийн байгууллагууд манай улсын энэ үйлдлийг хүүхдийг тэвчишгүй хүнд хөдөлмөрт ашиглаж байна хэмээн үздэг. Гэтэл манай улсын Хүүхдийн төлөө газар болон өөр бусад ТББ-ууд үүнийг тоож үздэг ч үгүй. Энэ талаар санаа зовж холбогдох хүмүүстэй нь уулзаж учирч санал бодлоо солилцлоо гэх зүйл огт сонсогддоггүй. Нүднийх нь өмнө эхийнхээ өврөөс ч гарч амжаагүй дөрөв, таван настай бяцхан үрс эзгүй хээр талд цас бороо, шороон шуурган дунд хурдан морьдийн тоосонд даруулж, унаж бэртэн эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хурдан морь унадаг хүүхдүүд ихэвчлэн 6-14 насныхан байдаг бол зарим тохиолдолд түүнээс бага 4,5 настай хүүхдүүд аавынхаа болон хамаатан садныхаа ах дүүгийнхээ  уясан морийг унаж хурдлуулах тохиолдлууд гардаг юм.

Манайхан найр наадамд дуртай улс. Зөвхөн улсын наадам, цагаан сар гэлтгүй хөдөөний малчин ардууд ямар нэгэн томоохон үйл явдал болвол хурдан морь уяж  хурдлуулан нааддаг. Хүүхдийн үсний найранд хүртэл морины уралдаан зохион байгуулдаг болсон. Уяа сойлго нь бүрдсэн шандаст хурдан хүлгийнхээ ид хавыг үзэж, ур ухаанаа уралдуулсан уяач  Монгол эрсийн хийморь сэргэдэг Монгол морьдын уралдаан үнэхээр сайхан ч тэдний энэхүү аягаас болж  бага насны хүүхдүүд нөгөө гадныхны ярьдаг шиг тэвчишгүй хүнд хөдөлмөрийг нь хүссэн хүсээгүй хийсээр байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө сар шинийн баярын дараа ердөө ганцхан сарын дотор гэхэд  гурван томоохон уралдааны үеэр 40 гаруй хүүхдүүд бэртэж гэмтэн эмчилгээ хийлгэсэн байгаа юм. Эдгээр бэртэж гэмтсэн хүүхдүүд хамгааллатын хувцасгүй улаан нүүрээ ил гарган уралдаж байгаад ийнхүү гэмтсэн аж. Уг нь унаач хүүхдүүдийг хамгаалалтын малгайтай уралдуулах шийдвэр гаргасан ч хотоос ирсэн ганц нэг хүүхэд өмсч харагдахаас  хөдөөний хүүхдүүд бол огт  хэрэглэдэггүй. Тухайн үед энэ асуудал хэвлэлээр цацагдаж багагүй шуугиан дэгдээж байсан. Үүнээс хойшхи уралдаануудад унаач хүүхдүүдийн хамгаалалтын малгай, хувцас хэрэглэлийг шалгах болсон билээ. Гэвч хөдөөний жижиг уралдаан, сумын наадамд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй унаач хүүхдүүд оролцсоор байгааг орон нутгийн иргэд хэлдэг.

Хурдан морины унаач хүүхдүүдийн хувьд уралдах нь хобби болсон гэх хүүдүүд ч байдаг байна. Мөн хэн нэгний ятгалгаар, эсвэл амьдралын боломжгүйгээсээ үүдэн хэдхэн төгрөгний төлөө эрүүл мэнд, амь насаа дэнчин тавин уралддаг хүүхдүүд ч цөөнгүй. Уг нь энэ бүхэнд хамгийн их анхаарал хандуулж ажиллаж байх ёстой “Хүүхдийн төлөө” хэмээх сүржин нэртэй газар хэний төлөө юу хийгээд байна вэ? Ердөө сар гаруйхны хугацаанд 40-өөд унаач хүүхэд бэртэж гэмтэн жаахан биендээ баймгүй их өвдөлтийг мэдрэн эмнэлгийн орон дээр шаналан хэвтэж байсныг  ер нь мэдсэн  болов уу тэд хэмээн иргэд тухайн үед шүүмжилж байсан. Тэгвэл энэ жилин баяр наадмаар тус газрынхан онцгой сайн ажилж хамгийн түрүүнд хүүхдүүдээ хамгаална хэмээн баяр наадмын өмнөхөн мэдэгдэж байсан билээ. Ингэхдээ дан ганц хотод бус хөдөө орон нутгийн наадмуудад  тус газрын ажилчид ажиллаж хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэл болоод насны хязгаарыг хянан ажиллана хэмээж байсан билээ. Тиймээс хүүхдүүд олноороо бэртэж гэмтэх асуудал гарахгүй гэж байсан ч орон нутгийн уралдааны үеэр 14 настай хүү хүнд гэмтэл аван эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Тодруулбал энэ сарын 11-ны өдөр Ховд аймгийн  Дуут сумын наадмаар Нямсүрэнгийн Төмөрхуяг хэмээх 14 настай хүү даага унаж уралдаж байгаад мориноосоо унан тархиндаа хүнд бэртэл авсан байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 12-ны өдөр хүргэгдэж, тархины зүүн талын яс цөмрөлттэй, цус хуралттай гэсэн оноштойгоор яаралтай хагалгаанд орсон боловч ухаан оролгүй хэд хоносны эцэст ухаан орсон ч ярьж чадахгүй, юм мартаж, өвчнөөсөө болж уцаартай болсон талаар хүүгийн ээж ярьж байна. Хүүг сэхээний эрчимт эмчилгээний тасагт  шилжүүлсэн бөгөөд одоо эмчилгээ хийлгэж байгаа ажээ.

Харин энэ талаар Хүүхдийн төлөө үндэсний газрынхан “Баяр наадмын үеэр Ховд аймагт хоёр хүүхэд мориноос унаж тархиндаа гэмтэл авсан. Тэр хоёр хүүхдийн нэг нь Дуут, нөгөө нь Манхан суманд осолдсон.Хүүхдүүдийн өмссөн хамгаалалтын малгай шаардлага хангахгүй хэврэг малгай байсан учраас мориноос унах үед хагарч, шууд толгойгоороо газар мөргөсөн юм билээ. Манай байгууллагын зүгээс морины уралдааны үеэр унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор сумдын засаг дарга бүрт албан бичиг илгээдэг. Гэтэл хувь хүмүүс бооцоотой жижиг уралдааныг ямар ч зохион байгуулалтгүй явуулж унаач хүүхдүүдийг гэмтээх тохиолдлууд гарч байна” гэх тайлбарыг өгөөд сууж байна.

Уг нь тус байгууллагын зүгээс наадмын өмнө мэдэгдэж байсан шигээ хяналт сайн тавьж ажилласан бол ийм болохгүй байж болох байлаа. Учир нь И.Нарантуяа дарга хэлэхдээ хүүхдүүдийн хамгийн түрүүнд хамгаалж, эцэг эх, уяачтай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Хэрэв гэрээг зөрчвөл уралдаанд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авна хэмээж байсан ч хамгаалалтын хувцас хэрэглэлгүй уралдсан хүү өнөөдөр үхэх сэхэхийн даваан дээр байна.Түүнчлэн аймаг сум бүрт тус газрынхан ажиллаж байгаа гэж байсан ч эмнэлэгт ухаангүй хэвтэж буй хүүгийн ээжийн ярьснаар суманд нь хамгаалалтын хувцас хэрэглэлийн талаар хэн ч анхааруулж сануулаагүй бөгөөд үүнд зарцуулах мөнгийг нь өөр зүйлд зарцуулсан хэмэээж байна. Тиймээс наадмын үеэр гуравхан хүүхэд хамгаалалитын хувцас өмсөн уралдсан хэмээн ярьж байна.

 

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button