“Ханеда” олон улсын нисэх буудалд буух эрхийг “МИАТ”-ийнхэн авлаа

Ханеда олон улсын нисэх буудал нь Токио хотын төвөөс 17 километр зайтай оршдог бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ердөө 20-30 минут яваад хүрэх боломжтой юм байна. Түүнчлэн орон нутгийн дамжин нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой аж. Тус компани өмнө нь Япон улсын Нарита, Осака олон улсын нисэх буудал руу нислэг үйлдэж байсан бол нэмж Ханеда руу ниссэнээр нэг улсын гурван цэг рүү нисэхээр болж байна.
Манай улсын иргэний агаарын тээврийн түүхэнд нэг улсын гурван цэг рүү нислэг үйлдэж байсан тохиолдол байхгүй бөгөөд МИАТ компани ийнхүү анхдагч болж байна. Япон руу дэлхийн 80 гаруй улс нислэг үйлддэг бөгөөд тэдний ердөө 24 нь Ханеда Олон улсын нисэх буудалд газарддаг аж. Ханеда нь тус улсын хамгийн нэр хүндтэй олон улсын нисэх буудал бөгөөд авиакомпаниудын хувьд Ханедад газардах нь нэр төрийн хэрэг гэж үздэг юм байна. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани Ханеда олон улсын нисэх буудалд газардах зөвшөөрлийг ийнхүү авсан нь манай улсын иргэний агаарын тээврийн нэр хүндийг өргөсөн явдал боллоо.
МОНГОЛЫН МЭДЭЭ