ОХУ бүхий л бололцоогоо дайчлан ажиллахаа амлалаа

Энэ үеэр Ерөнхийлөгч В.Путин Малайзын Иргэний Агаарын тээврийн нисэх онгоцны ослын үеэр 298 хүн амь үрэгдсэн эмгэнэлт явдлыг ашиглан Орос улсад шахалт үзүүлэх гэж оролдож байгаа барууныхныг эрс буруушаасан байна. Харин Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Оросын сөрөг хүчний санал бодлыг сонсохыг улс орны удирдлагуудад уриалжээ.
Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны төгсгөлд В.Путин “Орос улсын бүрэн бүтэн байдлын баталгаа нь дэлхий дээрх стратегийн тэнцвэртэй байдлаас хамаарна” гэж хэлсэн бөгөөд НАТО-гийн цэргийн хүчнийг Оросын хилийн орчимд төвлөрүүлж байгааг онцлон тэмдэглээд, Орос улс энэхүү заналхийлэлд зохих хариуг барих болно хэмээжээ. Түүнчлэн, Украины нутаг дэвсгэрт сүйрсэн “Бойнг”-ийн мөрдлөгийн ажиллагаанд бүхий л бололцоогоо дайчлан ажиллахаа илэрхийлж, сүйрсэн Малайзын “Бойнг” онгоцны мөрдөх ажиллагааг явуулахад, шинжээчдийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд босогчдод нөлөөлөхөө амлажээ.
Цогцоснуудыг Голландын талд хүлээлгэн өгчээ
Украины дотоодын зөрчилдөөний бүсэд сүйрсэн Малайзын иргэний агаарын тээврийн MH17 нислэгийн дугаартай онгоцонд сууж явсан зорчигчдын цогцосыг хүлээн авсан Голландын шинжээчид цогцоснуудын тоо босогчдын хэлсэнээс даруй 80-аар бага байна гэж мэдээлжээ. Мөн ослын газар ажиллаж байгаа олон улсын шинжээчид ч гэсэн хэргийн газар одоо хүртэл цогцоснууд байгааг баталсан байна. Голландын 193 иргэнтэй нийлээд нийт 298 зорчигчтой явж байгаад энэ сарын 17-ны өдөр сүйрсэн MH17 нислэгийн дугаартай онгоцыг пуужинд оногдсон гэж таамаглаж байгаа билээ.
Украины босогчид уржигдар талийгаачдын 282 цогцосыг тусгай хөргүүртэй галт тэргээр хэргийн газраас 300 км зайтай Харьковт хүргэсэн гэж мэдэгдсэн юм. Гэвч цогцоснуудыг хүлээн авсан Голландын шинжээчдийн хэлж байгаагаар галт тэргэнд ердөө 200 цогцос байсан аж. Түүнчлэн, ослын газар ажиллаж буй Европын холбооны аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын ажиглах хэсгийн төлөөлөгч хоёр газарт цогцос байхыг илрүүлсэн бөгөөд уг цогцоснуудыг цуглуулах ажил учир дутагдалтай байгааг онцлон тэмдэглэжээ.
Салан тусгаарлагчид онгоцыг сөнөөсөн гэв
Вашингтон пост сонины цахим сайтад АНУ-ын тагнуулын алба онгоцыг салан тусгаарлагчид сөнөөсөн гэх нотлох баримтуудыг мэдээлэв. Эдгээр баримтуудын нэг нь Малайзын иргэний агаарын тээврийн онгоцны чиглэл болон пуужин харвасан газар нь оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хяналтад байдаг бүс байсан нь.
Харин өөр нэгэн нотолгоо нь газар-агаарын ангиллын “BUK” пуужинг Оросын хилийг чиглэн тээвэрлэж явсан зураг болон яг тэр үед хил дагуу төвлөрсөн Оросын армийн хөдөлгөөнийг харуулсан хиймэл дагуулын зураг аж. Эдгээр баримтуудыг нягтлан үзсэний дүнд энэ удаагийн хэрэгт Оросын тал оролцсон байх магадлалтай гэж үзжээ.
Улмаар Тагнуулын албаны төлөөлөгчийн ярианаас үзвэл онгоц сүйрэх үед Украины Засгийн газар агаарийн тээврийн онгоцыг пуужингаар харвах тохиромжтой бүсэд газар-агаарын ангиллын пуужин байрлуулаагүй байсан учир хамгийн боломжит хувилбар нь салан тусгаарлагчид онгоцыг сөнөөсөн гэх таамаг гэж онцлон тэмдэглэжээ.
Б.Даваахүү
МОНГОЛЫН МЭДЭЭ