“… Би байлдагч Бат… Гал нээхэд бэлэн”

Өчигдөрхөн дээд боловсролтон болохоор их сургуулийн хаалгыг татаж байсан нэгдүгээр курсийн оюутан хөвгүүд өнөөдөр “ … зэрэгц, номхон, баруун тийш эргэ, алхаад марш” гэх тушаалуудыг сонсож, цэргийн амьдралаар амьдарч байна. Тэд Зэсвэгт хүчний “Алтан гадас одонт” 119 дүгээр ангийн сургалтын төвд хээрийн байрлалд хоёр сарын турш “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтад хамрагдаж байгаа юм.
2014 оны 7 дугаар сарын 23-ны өглөө “Оюутан цэрэг”-үүдийн бэлтгэл сургуулилттай танилцахаар мордлоо. Тэд 6 дугаар сарын 15-наас Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвд “Цэргийн тусгай бэлтгэл” сургалтад хамрагдаж байгаа. Нийт хоёр сарын хугацаанд 12 кредит буюу 560 цагийн есөн төрлийн хичээлийг судалж байгаа бөгөөд үүнээс 96 цаг нь цэргийн анхан шатны бэлтгэл сургалт, үлдсэн нь цэргийн мэргэжлийн бэлтгэлийн хичээлүүд юм. Тухайлбал,
- Тактак
- Цэргийн дүрэм
- Биеийн тамир
- Жагсаал
- Холбооны бэлтгэл
- Инженерийн бэлтгэл
- Үй олноос хамгаалах зэвсгийн бэлтгэл
- Амьд гарах арга ухаан
- Галын бэлтгэл зэрэг хичээлүүдийг судалж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэсвэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу өнгөрсөн 3 дугаар сард Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар хамтарсан тушаал гаргаж, 2014 II улирал буюу 4 дүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөр орон даяар албан ёсоор эхэлсэн байна.
2014 II улирал буюу 4 дүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөр орон даяар албан ёсоор эхэлсэн
Биднийг 119 дүгээр ангид очиход оюутан цэргүүд маань хөтөлбөрийн дагуу хичээл сургуулилтаа хийж байлаа. Хэвлэлийнхэн хамгийн эхэнд Амьд гарах арга ухааны хичээл орж байсан рот дээр очиж, мэдээллээ авч эхэллээ. Энэхүү хичээлийг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ротын ахлагч А.Баяртогтох зааж байсан. Түүнээс хичээл болон оюутнуудын талаар зарим зүйл тодрууллаа.
А.Баяртогтох: Оюутан-Цэргүүд сурах эрмэлзлэл их байна
-Өнөөдрийн хичээлийн талаар танилцуулахгүй юу?
Цэргүүд маань амьд гарах арга ухаанд суралцаж байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв нь майхан барих. Майханг оройн сэрүүн болон халуун нарнаас өөрсдийгөө хамгаалах зорилгоор барьж сурч байна. Нэг хүний майхан 1.8 метрийн хэмжээтэй өөрсдийн борооны цуваар хийдэг.
-Таны хувьд оюутан цэргүүдэд ямар ямар хичээлүүдийг зааж байна. Оюутнууд маань хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?
– Миний хувьд жагсаалын бэлтгэл, цэргийн дүрэм, галын бэлтгэл, амьд гарах арга ухаан гэсэн хичээлүүдийг оюутан цэргүүддээ зааж байна. Нэг жилийн цэргүүд, сонсогч нартай харьцуулахад мэргэжил нь тодорхой сурах эрмэлзлэл их байгаа нь харагддаг. Энэ ч утгаараа хичээл сургуулилтыг зааж байгаа бидэнд илүү дөхөм болж байна.
– Оюутнууд цэргийн амьдралтай танилцаж, хөтөлбөрийн дагуу цэргийн мэдлэг олж авахад хоёр сарын хугацаа хэр хангалттай гэж үзэж байгаа вэ?
– Сайн шахаж шаардвал боломжтой хугацаа гэж бодож байна. Мөн өөрсдийн дур сонирхол хэрэгтэй байх.
Ротын ахлагч А.Баяртогтохын амьд гарах арга ухаанд суралцаж буй оюутан цэрэг Ч.Батжаргалаас сэтгэгдлийг нь сонирхсон юм.
Ч.Батжаргал: Нэг жилийн албыг хоёр сарын хугацаанд хааж байгаадаа баяртай байна
-Намайг Чулуунбаатарын Батжаргал гэдэг. ХААИС-ийн нэгдүгээр курсыг төгсөөд энд ирсэн. Өнөөдрийн сургалтаас яаж аюулаас яаж амьд гарах, амьдрах орон байраа нэг хүний хэмжээнд хэрхэн бэлтгэх талаар суралцаж байна. “Оюутан- цэрэг” хөтөлбөрт хамрагдснаар цаг хугацаа алдахгүй маш том боломжийг олж авсан. Энэ хөтөлбөрт хамрагдаагүй бол их сургуулиа төгсөөд дахин нэг жил цэргийн алба хаах ёстой байлаа. Үүнийг хөнгөвчлөөд нэг жилийн албыг хоёр сарын хугацаанд хааж байгаадаа баяртай байна.
Харин манай оюутан цэргүүд мундаг буудагчид болжээ. “Би байлдаг ч Бат гал нээхэд бэлэн” хэмээн чанга дуугаар илтгэж, уулын бэл дэх бай руу хараалан хэвтэх тэднийг хараад бахархах, атаархах сэтгэгдэл төрсөн юм.
Үүний дараа оюутнуудын маань хамгийн их сонирходог буудлагын хичээлтэй танилцлаа. Тэнгэр ниргэх шиг чанга чанга дуунд толгой дохиж зогссоноо одоо хэр нь мартаж чадахгүй байна. Харин манай оюутан цэргүүд мундаг буудагчид болжээ. “Би байлдагч Бат. Гал нээхэд бэлэн” хэмээн чанга дуугаар илтгэж, уулын бэл дэх бай руу хараалан хэвтэх тэднийг хараад бахархах, атаархах сэтгэгдэл төрсөн юм. Түүний цаана өөр нэг рот байлдааны тактикд суралцаж харагдлаа. Буунаас гарч буй дуу, дээш шидэгдэх хонгио үнэхээр сурдмээр. Эр хүн байж ийм зүйл бичиж суугаадаа ичмээр. Гэхдээ л манай оюутнууд мундаг буудагчид болжээ.
Сургалт хариуцсан офицер Ж.Лхагвасүрэнгээс буудлагын хичээлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдрийн сургалтын талаар танилцуулахгүй юу?
-Оюутан цэргүүд маань сургалтын хугацаанд гурван удаа буудлага хийх ёстой. Эхний хичээл орчихсон байгаа. Өнөөдөр автомат буюу буудлагын зэвсгийн нэгдүгээр дасгалыг боловсруулаад байж байна.
-Энэ хичээлийг судласны давуу тал ач холбогдол нь юу вэ?
-Энэ хичээлийг судласны давуу тал нь цэргийн хүн хоёр амьтай гэдэг. Энэ нь зэвсэг техникийг бүрэн эзэмшинэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл буу зэвсэгээ ашиглаж байлдаанд хэрхэн оролцох талаар мэдлэг дадлагатай болно.
нэг жигд газардаж буй орос гутал/бакал/-ын чимээ үнэхээр омогшмоор
Үүний дараа Оюутан цэргүүдийн жагсаалын бэлтгэлтэй танилцлаа. Цэргийн сүр хүч жагсаалдаа байдаг тиймээс энэ тухай тайлбарлахад илүүц биз. Харин нэг жигд газардаж буй орос гутал/бакал/-ын чимээ үнэхээр омогшмоор байлаа. Оюутан цэргүүд маань алхаж сурчээ. Хоёр сарын хугацаанд тэд жинхэнэ цэрэг болж хүмүүжсэн байгааг харахад таатай санагдлаа. Мөн одоогийн залуусын залхуу, цэргийн албанаас зайлхийдэг гэх энэ бүх яриаг үгүйсгэх шиг болов.
Ингээд сүрт жагсаалын дараа Ган-Эрдэнийн Алтанхундагаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр Соёл урлагийн их сургуулийн Дуулаачийн ангийн оюутан юм.
Г.Алтанхундага. Эх орноо хамгаалахад хэзээд бэлэн
-Бүтэн жилийн хугацаанд цэргийн албан хаах ёстой байдаг бол бид бүхэн хоёрхон сард цэргийн алба хааж байгаа нь олдошгүй завшаан юм. Мөн анхны Оюутан цэргүүд учраас маш их идэвхтэй оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Батлан хамгаалах яам, Боловсрол шинжлэх ухааны яам, энд ирэхэд биднийг халуун сэтгэлээр угтаж авсан 119 дүгээр ангийн захирагч, офицерууддаа оюутан залуусынхаа өмнөөс баярласнаа хэлмээр байна. Одоо халагдахад хэдхэн хоног үлдлээ. Миний хувьд Баянхонгор аймгаас оюутан болж Улаанбаатар хотод ирээд нэгдүгээр курсээ төгсөөд байлдагч болон найзуудтайгаа мөр зэрэгцэн алхаж явна. Энхийн цагт хоёр сар цэргийн албыг хаасан ч цаашид эх орноо хамгаалах ариун үйлст хэзээд бэлэн байна гэдгээ хэлмээр байна.
Энэ бүгдийн төгсгөлд “Алтан гадас одонт” Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, “Оюутан цэрэг” сургалтын төвийн дарга, хурандаа Д.Энхбаатартай уулзаж, зарим асуудлыг тодрууллаа.
Д.Энхбаатар: Энэ хичээлээр оюутнууд цэргийн анхан шатны мэдлэгтэй болно
-Энэ жилээс оюутнуудад маань маш их боломж нээгдсэн “Оюутан-цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Тэгвэл хоёр сарын хугацаанд оюутан залуус юуг эзэмшвэл хөтөлбөрийн үр дүн гарлаа үзэх вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулсан “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжээд дөрөв дэх сардаа ороод явж байна. Эхний хоёр сард онолын мэдлэг авах хичээлүүдийг сургуулиуд дээр үзсэн байгаа. Сүүлийн хоёр сард буюу 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны хооронд 560 цагийн хичээлийн программыг 6 хичээлээр хоёр сарын хугацаанд хээрийн байрлалд дадлага журмаар эзэмшихээр төлөвлөгөөт хичээлүүд ороод явж байна. Энэ хичээлээр оюутнууд цэргийн анхан шатны мэдлэгийг дамжиж өнгөрнө. Өөрөөр хэлбэл цэрэг хүний анхан шатны мэдлэг, яаж буудах вэ, ямар хамгаалах хэрэгсэл, холбооны станцууд эзэмших ёстой юм, ямар нормитив эзэмших ёстой юм энэ бүгдийг сураад төгсөнө.
-Оюутнууд маань хоёр сарын хугацаанд цэргийн албан хааснаар төрийн албанд орох боломж нь нээгдэнэ гэж ойлгосон. Энэ боломж нээгдэж байгаа юу?
-Одоохон энэ төрлийн эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөн хөтөлбөрийн анхны үйл ажиллагаа хэрэгжиж байна. Цаашид зарим хуульд өөрчлөлт оруулж, “Оюутан цэрэг” хөтөлбөрөөр цэргийн алба хаасан залуус төрийн албанд орж болох зохицуулалтууд хийгдэх байх.
Ингээд бидний “Оюутан цэрэг” хөтөлбөртэй танилцах хугацаа бага аялал маань өндөрлөлөө. 1000 хүний багтаамжтай цэргийн цайны газарт ган саванд цэргийн хоол идсэнээ дурьдах нь зөв байх. Учир нь урт замын алжаал тайлсан амттай сайхан хоол байсан учраас зориуд онцолж тогооч эгч нарт баярласнаа хэлмээр байна.
Энэ цагийн оюутнууд үнэхээр азтай. Тэд тэтгэлэг авдаг. Одоо сурч байх хугацаандаа цэргийн албаа хаах боломжтой болчихлоо. Энд азтай гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Энэ жил нэгдүгээр курсийн 418 оюутан хөтөлбөрт хамрагдлаа. Дараа жилээс бусад курсийн оюутнуудыг хөтөлбөрт өргөнөөр хамруулахаар төлөвлөгдөөд байгаа аж. Тиймээс Оюутан цэргүүд минь энэ хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж Эх орноо хамгаалахаар баруун тийш эргэ, алхаад марш …
Л.Тамир
Оллоо.мн