Монголын буриадууд 9 алт, 9 мөнгө, 7 хүрэл хүртлээ

Буриад түмний соёлын өв уламжлал, ардын зан заншил, урлаг, спортын төрөл, зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, улмаар олон улсын түвшинд хөгжүүлэх чухал ач холбогдол бүхий “АЛТАРГАНА-2014”  наадам 1994 онд анхлан Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдсанаас хойш өдгөө 20 дах жилтэйгээ золгож байна. Энэ жилийн “Алтаргана-2014” наадам энэ сарын 18-20-ны өдрүүдэд 20 жилийн анх зохион байгуулагдаж байсан Дадал сумандаа болж буйгаараа басхүү онцлог боллоо.

Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байгаа юм. Буриад үндэстэн монгол орны Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүйБНХАУ,ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна.

“Алтаргана-2014” наадамд  эдгээр нутаг орноос 3000 гаруй автомашин, 10,000 гаруй зочид төлөөлөгч оролцлоо.  

Өв соёлоороо бахархаж, үндэсний хувцсаараа ижилсэн гоёсон буриад зон олны урлаг, спортын “Алтаргана” наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид оролцож, наадамчин олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

XX удаагийн “Алтаргана-2014” наадмыг Монгол Улсын Ерөнхиий сайдын ивээл дор  ССАЖЯам болон Хэнтий аймгийн ЗДТГ, Дадал сум хамтран зохион байгуулсан бөгөөд урлаг, спортын 13 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж хүч чадал, ур ухаан, авъяас чадвараа уралдуулж шилдэгээ тодруулсан юм.

Энэ үеэр зохион байгуулагдсан уралдаан тэмцээнээс дурдвал:

Их нас, соёолон, дааганы уралдаан, буриад бөхийн барилдаан, буриад сурын харваа, “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлаг, хамтлагуудын уралдаан, Үлгэрч, туульч, ерөөлч, магтаалчдын уралдаан, Буриадын орчин үеийн дууны уралдаан /нийтийн, эстрад, мэргэжлийн/, Буриад ардын дуу дуулаачдын уралдаан /4 насны ангилалаар/, Буриадын уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн зэргийг амжилттай зохион байгууллаа.  Медалийн тоогоор эхний 3 байрт: Монгол Улс 9 алт, 9 мөнгө, 7 хүрэл. ОХУ 10 алт, 10 мөнгө, 10 хүрэл. БНХАУ 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медальтай буцлаа.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button