Монгол Улс Хөгжлийн албан ёсны тусламж авах орнуудын жагсаалтад орлоо

Канад улсын Гадаад хэргийн сайд ноён Жон Рассэл Бэйрд манай оронд энэ өдрүүдэд айлчилж байна. Өнөөдөр түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр яригдсан эхний сэдэв бол Монгол Улс нь Канад Улсын Засгийн газраас хөгжлийн албан ёсны дэмжлэг үзүүлэх орнуудын жагсаалтад анх удаа багтсан тухай байв. Тодруулбал, тус улсын Засгийн газар нь хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор таван жил тутам 20-25 улсыг сонгон, хөгжлийн тусламж үзүүлдэг байна. Улмаар Канад Улсын Засгийн газраас 2014-2019 онд хөгжлийн тусламж үзүүлэн, хамтран ажиллахаар сонгосон 25 орныг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарласан бөгөөд тус жагсаалтад Монгол Улс анх удаа сонгогджээ.
Жагсаалтад багтсан орнуудад Канадын Засгийн газар жил бүр баталдаг гадаад оронд үзүүлэх хөгжлийн тусламжийнхаа дийлэнхийг зориулдаг байна. 2013 онд тус улсаас гадаад оронд үзүүлсэн нийт тусламж болох 5.2 тэрбум ам.долларын 80 гаруй хувийг өмнөх жагсаалтын 20 орон авчээ. Харин энэ удаагийн жагсаалтад багтсан 25 орон Канад Улсын Засгийн газраас ирэх 5 жилд гадаад оронд үзүүлэх хөгжлийн нийт тусламжийн 90 орчим хувийг авах аж.
2014 онд баталсан 25 улсын жагсаалтад Ази тивээс дараах улсууд багтжээ. Үүнд:
1. Афганистан
2. Бангладеш
3. Индонез /шинээр нэмэгдсэн/
4. Монгол Улс /шинээр нэмэгдсэн/
5. Мьянмар /шинээр нэмэгдсэн/
6. Филиппин /шинээр нэмэгдсэн/
7. Вьетнам
П.УНДРАМ
Оллоо.мн