Физикийн ОУ-ын олимпиадаас дөрвөн медаль хүртжээ

Казакстан улсын Астана хотод энэ сарын 13-аас 22-ны өдрүүдэд болж өнгөрсөн Олон улсын физикийн 45-р олимпиадад манай улсын таван сурагч оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Олимпиадад 85 орны 400 гаруй авьяаслаг сурагчид оролцож онол, туршлага гэсэн хоёр ангиллаар 10 цагийн турш уралдсан юм. Манай орноос МУГБ Р. Бавуудорж (Шинэ Монгол ахлах сургуулийн багш), профессор Д. Улам-Оргих, М.Ганбат нарын ахлагчтай, таван сурагч оролцсоноос Б.Бат-Амгалан (1-р сургууль), Д. Будмондэ (Орчлон сургууль) нар мөнгөн медаль, М.Төгсбаясгалан (Сант сургууль) , Ж. Өнөртүвшин (Монгол-Туркийн сургууль) нар хүрэл медаль, Б. Бат-Оргил (Сант сургууль) шагналт байр эзэлж, эх орныхоо нэрийг дуурсгалаа.

Олимпиадад Ази төвтэй 10 гаруй орон ноёрхож, Ази, Европ төвтэй, өндөр хөгжилтэй 10 гаруй улс тэргүүлж байна. Манай орны хувьд рейтингээрээ түүний дараах ангилалд оров. Олимпиадын бодлого нь дээд сургуулийн түвшний, хүүхдүүдийн огт сонсч байгаагүй сэдэв хамарсан, хүнд даалгавар байлаа хэмээн тэмцээнд ялсан залуу физикчид онцолсон юм.

Дашрамд дуулгахад  эл олимпиадаас мөнгөн медаль хүртсэн Д.Будмондэ нь дэлхийн шилдэг 10 их сургуулийн нэг MIT-д шалгалт өгч тэнцэн 2018 оноос эхлэн суралцах урилга авсан сурагч юм. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр энэ жилээс эхлэн дэлхийн шилдэг 100 их сургуульд шалгалт өгч тэнцсэн сурагчдын сургалтын зардлыг төр хариуцдаг болсон билээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button