Хэн юу хэлэв

Ц.Элбэгдорж: Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтыг хувийн хэвшилд даатгана
Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэгдэл урьд, урьдынхаас өөр байлаа. Тэрбээр “Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд сургууль цэцэрлэгээр дутагдах үед япончууд тусламжийн гараа сунгаж байсныг бид цаг ямагт санадаг. Гэхдээ нэг нь үргэлж авч, нөгөө нь үргэлж өгдөг цаг дуусч байна.
Японы буцалтгүй тусламж энэ оноор дуусгавар болж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Хоёр улсын хооронд 1972 онд дипломат харилцаа тогтсон бөгөөд 1977 онд Япон улс “Говь” улсын үйлдвэрийг (анхаар 2007 онд хувьчлагдсан) барихад буцалтгүй тусламж үзүүлсэн. 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнө социалист тогтолцоотой байсан БНМАУ-д Япон улсаас үзүүлэх тусламж нь “Говь” улсын үйлдвэрийн техникийн тусламж төдийхнөөр хязгаарлагдаж байв.
1990 оны Монгол дахь нийгмийн тогтолцооны өөрчлөлт нь эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засаг зэрэг үнэт зүйлсийг бидэнтэй хуваалцах боломжийг нээснээр Япон улс Монгол Улсад үзүүлэх зээл тусламжийн хүрээгээ өргөжүүлсэн билээ. Япон улсын Засгийн газар 1991 оноос хойш 2011 оны гуравдугаар сар хүртэл Монгол Улсад нийтдээ 94.5 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 75.8 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 37.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд гадаадын нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон Улсын Засгийн газар олгоод байгаа гэсэн үг юм. Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг нь жам.
Энэ утгаараа хоёр улсын харилцаанд Япон давамгайлж байсан нь үнэн. Тэгвэл одоо манай төрийн томчууд Японоос юм гуйх гэж биш, ажил хэрэг ярихаар очдог болно гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн нь туйлын ач холбогдолтой юм. Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Хоёр улс худалдааны чөлөөт бүс байгуулахаар тохирлоо. Бид энэ асуудлыг ирэх оны эхээр тус, тусынхаа парламентад оруулж хэлэлцүүлнэ. Чөлөөт худалдааны бүс байгуулагдсанаар Япончуудын хувьд Монголд хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төслүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа” хэмээн мэдэгдсэн нь Ерөнхийлөгчийн хэлсэн үг үнэн болохыг илтгэнэ.
Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэлд “Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтыг хувийн хэвшилд даатгах нь зүйтэй гэсэн шийдэлд Монголын тал хүрч байна. Тавантолгойн төсөлд оролцох Японы компаниуд Монголын хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллахыг Монголын төр дэмжинэ” гэсэн нь мөн яах аргагүй өнгөрсөн долоо хоногийн онцлох мэдээ болсон юм. Энэ шийдвэрийн ач холбогдлын талаар бичих цаг олдох биз ээ.
УИХ-ын дарга телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ улс орны эдийн засагт тулгамдаад байгаа олон чухал сэдвээр санаа бодлоо хуваалцжээ. Түүний хийсэн мэдэгдлүүдээс хамгийн их анхаарал татсан нь Монголчуудыг 100 жил тэжээх үүц гэгдэж байсан Оюутолгойн талаар хийсэн мэдэгдэл байв. Тэрбээр “Оюутолгой”-д зээл авч орсноосоо болоод, ороогүй байсан нь дээр юм гэдэг үзэл бодол руу өнөөдөр шилжиж байна” хэмээн хэлсэн юм.
Ард иргэд бол 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээг маш их шүүмжилдэг ч төр засаг харин шийдвэрээ байнга хамгаалсаар ирсэн түүхтэй. “Хэдийгээр санасан хэмжээнд хүрэхгүй ч гэсэн ордоо ашиглаж, ирээдүй рүү арай хурдан алхая” гэсэн энэ шийдвэрийг бас ч буруу гэх аргагүй. Гэтэл УИХ-ын дарга “Ашигладаггүй л байж” гэж хэлснээрээ Оюутолгой манайд ашиг өгч чадахаа больсон гэдгийг харууллаа. Тэрбээр үүнээс гадна өөр олон сонирхолтой сэдвээр санал бодлоо илэрхийлсний нэг нь төмөр замын царигийн тухай. Нэг хэсэг анхаарлын төвд ороод байсан энэ асуудлаар УИХ-ын дарга “Цариг өргөн нарийн байх нь гуравдугаар асуудал Монгол Улсад үйлдвэрлэсэн 10 сая тонн ширэм дэлхийн зах зээлийн үнээр зарагдах нь царигаас илүү хэрэгтэй.
НҮБ-ын далайд гарцгүй орнуудын хэлэлцээрт “Далайд гарцгүй улс далай руу явахад замд нь байгаа улсууд өөрийнхөө компанитай адилхан тарифаар нэвтрүүлэх үүрэгтэй”. Бид тийм эрхтэй, тэр эрхээ гэрээгээр зохицох ёстой юм. Тэгэхээр бид хоёр улстайгаа тэдний нутгаар дамжин далайн эрэгт хүрдэг гэрээнүүдээ байгуулж авах нь чухал. Тэгэхгүй бол бид бус нутгийн худалдаагаар хятадад өгөөд дэлхийн үнийг авч чадахгүй байгаа юм. Манай бүтээгдэхүүн далайд хүрч байж л дэлхийн зах зээлийн үнээ барьж авна” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.

Үнэн үг гол зурдаг. Ардчилсан төрийн өнгөн дээр шударга ёс тогтох биш, хууль журмаар өнгөлөн далдалсан луйвар булхай цэцэглэн хөгжжээ. Микро автобусыг цэгцлэх нэрээр нийслэл болон хот хоорондын тээврийн шугамуудыг хэдхэн том компанид хувааж өгсөн, шударга сайн төсөл боловсруулаад ирсэн аж ахуйн нэгжид “журам” харуулж явуулчихаад яг хуулбарласан өөр компанид зээл олгодог гээд МАН-ын үед байсан шударга бус явдал одоо ч хэвээрээ байна.
МАН төр барьж байх жилүүддээ тендерт өөрийнхөө талын компаниудыг ялуулдаг байсан, Ардчлсан намынхан үнийг нь марталгүй хонзон санасан байж. “Чингис бонд”-ын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа зээлийн ихэнх нь Ардчилсан намын талын компаниудад очдог гэсэн үгсийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хэлсэн байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Иргэдтэй уулзаад явахад хүртэл “Чингис” бондоос санхүүжүүлж байгаа 888 төсөлд дандаа АН-ынхны компаниуд байна. Өөр намынх бол төсөл олдохгүй байгааг ярьж байна. Авлига нийгэмд бараг жишиг болж тогтчихоод, түүнд нь оролцохгүй бол тэнэг, ядуу байхдаа таарсан гуйлгачин гэх сэтгэл зүйтэй болж.
Үүнийг өөрчлөх улстөрийн том шийдвэр хэрэгтэй” хэмээн онцолжээ. 2016 оны сонгуульд ялагдвал өнөөдөр том төсөл атгасан компаниудад шахалт ирж, аягүй бол компаниа зарахаас ч өөрцгүй болж мэднэ. Сүүлийн 10 гаруй жилд бид ийм л тэмцэлдээнийг харлаа шүү дээ. Ийм аминч байдлыг дуусгахын тулд улстөр, бизнесийг салгах л хамгийн чухал байна. Ц.Оюубаатар гишүүний хэлсэн “том шийдвэр” гэдэг нь үндсэн хуулийг өөрчлөх явдал аж. Мөн намыг гишүүнчлэлгүй болгох асуудлыг тэрбээр дэмждэг гэдгээ илэрхийлжээ.
Х.Батсайхан
ЗУУНЫ МЭДЭЭ