Холбоо тасарсан Алжирын онгоц сүйрчээ

Өчигдөр Алжир Улсын үндэсний агаарын тээвэрлэгч онгоц холбоо тасарсан тухай мэдээлж байсан билээ. Тус онгоц Буркина Фасо улсаас Алжир руу хөөрсөн бөгөөд 50 минутын дараагаас эхлэн төв радартай холбоо тасарчээ . Харин удалгүй тус онгоцыг сүйрсэн болохыг тогтоожээ.
Тодруулбал АН 5017 дугаартай онгоцны хэлтэрхийг Мали улсын хойд хэсгээс олсон хэмээн тус улсын ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта мэдэгдсэн байна. Онгоцны хэлтэрхийнүүд Агельхок болон Кидаль уулсын хооронд олдсон аж.
Энэхүү онгоцонд 110 зорчигч, нисэх багийн зургаан хүн явж байжээ. Тэдний дунд францын 51, Буркина-Фасо улсын 24, Ливаны найм, Алжирын дөрөв, Люксембург улсын хоёр , Бельги, Швейцарь, Нигер, Камерун, Украин, Румын улсын тус бүр нэг иргэн явсан аж. Харин нисэх багийн бүх гишүүд нь Испани хүн байжээ.