Ховдын музейд Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим байгуулагджээ

Ховд аймгийн Засаг даргын санаачилгаар Галдан Бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн “Их хурд” наадмын босгон дээр тус аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрэмжит танхимыг аймгийн музейд байгуулж, өнөөдөр ёслолын тууз хайчлан нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол төрийн дархан түшээ, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нар оролцож ёслолын тууз хайчиллаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Пунцагийн Цагааны илгээсэн талархлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян уншиж, аймгийн Засаг даргад гардуулан өгсөн юм.

Аймгийн музейд байгуулагдсан нэрэмжит танхимаар Ховд нутгийн олон үндэстэн ястан зон олон төрийн тэргүүнтэй холбоотой бүхий л мэдээллийг цахимаар үзэх боломжийг бий болгохыг зорьсон гэдгээ аймгийн Засаг дарга онцлосон юм.

Танхимд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлийг үзмэр болгон тавьжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button