“Их мандал- 3” төвийн бүсийн хурдан морьдын уралдаан эхэллээ

Хурдан морьдын бүсийн уралдаануудыг таван аймагт зохион байгуулж байгаагийн нэг нь Дундговь аймгийн төвд өнөө өглөө эхэлсэн “Их мандал- 3” төвийн бүсийн хурдан морьдын уралдаан юм.
Өглөө эртлэн уралдааны салхийг хагалж эхэлсэн азарганы уралдаанд 73 азарга хурдалсан бол сая соёолон насны мөн төдий тооны морьд гарааны зурхай руу хөдлөөд байна.
Азарганы уралдаанд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д. Баянбатын энэ жилийн улсын их баяр наадамд түрүүлсэн хонгор азарга хурд манлайлан түрүүлж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын М. Жаргалсайханы хул алаг азарга аман хүзүүдэж, Төв аймгийн Баяндэлгэр сумын н.Загдрагчаагийн хүрэн, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Г.Мөнхбаатарын хээр, Эрдэнэдалай сумын Д.Цогтбаярын зээрд азарга тус тус удаалаад байна.
“Их мандал- 3” төвийн бүсийн хурдан морьдын уралдааны нээлтэд УИХ-ын дэд дарга, Монголын Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэрээр уралдааныг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн арваад жил морин уралдааныг ингэж бүсчлэн зохион байгуулж, бүсийн уралдаанаас шигшигдсэн морьдыг “Их хурд” уралдаанд оролцуулдаг болсон нь хурдан морины уралдааныг илүү сайн зохион байгуулалттай болгоход чиглэсэн ажил” хэмээн онцлоод “Их мандал” уралдааныг зорин ирсэн уяачдад амжилт ерөөв.
Уралдааныг Дундговь аймгийн ЗДТГ, Дундговь аймгийн “Нарны хүлэг” Морин Спорт уяачдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус холбоо томоохон уралдаан зохион байгуулсан сумын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур иргэдэд өргөө цагаан гэр бэлэглэдэг уламжлал тогтоосон байна. Энэ уламжлалаар Их Мандал уралдаан болж буй аймгийн төв Сайнцагаан сумын 5-р багийн иргэн А. Урансанаа, 6- р багийн иргэн н.Дэлгэрмаа нарт өргөө цагаан гэр гардуулж өгчээ.
"Их мандал- 3” уралдаан 3 өдөр үргэлжилнэ.
Г.Уянга
оллоо.мн