Ажил олгогчдын өндөр шаардлагыг давах чадварлаг мэргэжилтэн Монголд байхгүй юу

Манай улсын эдийн засаг жил ирэх тусам өсөлттэй гардаг. Гэвч ажилгүйчүүдийн тоо ч мөн адил жил ирэх бүр өссөөр байна. Уг нь бол эдийн засаг өсөхийн хэрээр ажилгүйдлийн түвшин буурах учиртай. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацааг эс тооцвол сүүлийн жилүүдэд уул уурхайн салбараас орж ирэх орлого нэмэгдэж, энэ хэрээр бүтээн байгуулалт өрнөж байхад ядуурал буурч, ажилгүйдлийн түвшин багасмаар. Гэтэл  та бидний эргэн тойронд ажил  хийх гэж хүсээд ч хийх зүйл олдохгүй уруу царайлж яваа хүн олон байна. Харсаар байтал их дээд сургууль төгссөн найз нөхөд, танил талын, садан төрлийн бидний үеийн залуус ажилтай залгаж чадалгүй ээж ааваасаа татаас аван амьдарсан хэвээрээ. Нэг үеэ бодвол манай залуусын ухамсар сэргэж ажил хийх сонирхолтой болсон нь ажиглагддаг. Гэвч ажил хайсан залуус хаа сайгүй. Ажилд авна гэсэн зар мөн л хаа сайгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод зарын сонингуудаар дүүрэн. Гэтэл юуны учир ажилгүйдэл байгаад байна вэ?

Ажилгүйдэл цаасан дээр болоод статистик судалгаан дээр огцом буурчээ. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2011 онд бүртгэлтэй ажилгүй иргэд 62 мянга байсан бол өнгөрсөн оны эхний улиралд энэ тоо 35,2 мянга болсон судалгаа гарчээ.  Ажилгүйдэл ердөө хоёрхон жилийн дотор бараг 50 хувиар буурчээ. Энэ нь үнэн бол үнэхээр гайхалтай. Гэтэл бодит байдал эсрэгээрээ ард иргэд ажилгүй хэвээрээ. Амьдрал ахуй нь улам доройтсоор. Өнгөрсөн сарын статистикаас харахад ажилгүйдлийн түвшин эрс нэмэгджээ. Түүнчлэн эдгээр ажилгүйчүүдийн 50 шахам хувь нь их дээд сургууль төгссөн сэхээтнүүд байгаа аж.

Ажилгүйдэл буурахгүй байгаа гол шалтгааныг нэгэн хэлэлцүүлгийн үеэр зарим албаны төлөөлөгчид ингэж дүгнэлээ. Тэд ажлын байрны хэт өндөр шаардлага нь ажилгүйдэл буурахгүй байх гол шалтгаан болж байна хэмээсэн юм.  Энэ нь яах аргагүй үнэн. Нөгөө зарын сонингуудын хуудсыг дүүргэж байгаа захын нэг зарыг харахад мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан, англи болон гадаад хэлний зохих мэдлэгэтэй, компьютерийн хэрэглээний програмуудыг/word, exel, photoshop/  эзэмшсэн зэрэг шаардлагууд нийтлэг харагддаг. Үнэндээ  дөнгөж сургуулиа төгссөн залууст энэ шаардлагыг хангах хүн олдохгүй нь мэдээж. За  яахав мэргэжил чадварын хувьд тэнцлээ ч ажилласан жил нь тэнцэхгүй. Өнөөдрийн ажилгүйдлийн гол шалтгаан ердөө л энэ болж байна. За тэгээд эмэгтэйчүүдийн хувьд асуудал бүр хүнд болж ирнэ. Зарим нэгэн газар нь ойрын гурван жилдээ хүүхэд гаргаж болохгүй гэх хатуу шаардлага тавьж гэрээ хүртэл байгуулна. Арайхийн ажилд орсон нөхөн үржихүйн насны эмэгтэй шинэ ажилд ороод удалгүй хүүхэдтэй болвол шууд л халагдана. Жирэмсний амралт эн тэр гэсэн юм огт байхгүй.

Манай өнөөгийн нийгэм залуучууддаа ингэж л хатуурхаж байна. Нэгэнт дотооддоо мянга сайхан мэргэжил эзэмшээд ажиллах газар олдохгүй тул тэд гадаад орныг зорьхоос өөр аргагүй болж байгаа юм. Хайран сайхан хийж бүтээх урам зориг дүүрэн залуусыгаа ажлын туршлагагүй, гадаад хэл, компьтерийн зохих мэдлэггүй хэмээн түлхэж байгаа энэ улс орны төрийн бодлого хаашаа юунд чиглэгдэж байгаа нь ойлгомжгүй байна. Уг нь бол Монгол улсыг Монгол хүн тэр дундаа залуус л хөгжүүлэх учиртай баймаар.

Б. Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button