Таван саяын ард замхарч буй НӨҮГ-ууд

Ц.Батбаяр нь Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож шүүхээс 2 жил 1 сарын ял сонслоо.

Харин НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг өршөөлийн хуульд хамруулж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга Г.Маналжав, Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Чанцал нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Өөрөөр хэлбэл улсын өмчийн газрыг хууль бусаар хувьд шилжүүлсэн гэх эдгээр эрхмүүдэд шүүх арай л зөөлөн хандчихав уу даа гэх хандлага олон нийтэд бий болоод байна.

Тэдний улсад учруулсан хохиролыг тооцоод үзье.

Ц.Батбаярын хувьд эрх бүхий албан тушаалд байхдаа /нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын дарга/ Хотын төвд байрлах “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, улмаар Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээрх “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. Үүний дараа “Хар дун” компанийг “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж Нийслэлийн өмчийг шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлджээ. Мөрдөн байцаалтын явцад 605 сая /тухайн үеийн ханшаар/ төгрөгийн үнэтэй “Өргөө” зочид буудлыг үнэгүйдүүлж, хувьчилсан нь тогтоогдсон. Энэхүү хэрэгт Н.Энхбаяр буруудаж, ял хүлээсэн ч Ерөнхийлөгчөөс уучлал үзүүлж, хугацаанаас нь өмнө сулласан байдаг билээ.

Үүнээс гадна мөн дээрх эрх бүхий албан тушаалд байхдаа Г.Маналжавтай/ Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга / бүлэглэн өөрийн төрсөн дүү Ц.Чанцалд тухайн үед 779 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн юм. Гэвч энэхүү хэргийн шүүхээс хэрэгсэхгүй болголоо.

Энд улсад учруулсан хохирлыг тооцоход бэрх байгаа ч тухайн үеийн үнэ ханшаар бодвол мөрдөн байцаалтад тогтоогдсон хоёр хувьчлалаар 1 тэрбум 400 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ. Гэвч шүүхээс Ц.Батбаярын 5 сая орчим төгрөгийг нөхөн төлөхийг шаардсан байгаа юм. 500 биш ердөө л 5 сая төгрөг. “Өргөө”, “Улаанбаатар таймс” сонин, “Сэргээн засах клиник” эмнэлэг зэрэг нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын хууль бус хувьчилсан байхад түүнд энэ хэмжээний торгууль ноогдуулж, 2 жил 1 сарын ял оногдуулсан шүүхийн энэхүү шийдвэрт дургүйцэл хүрэхээс аргагүй байгаа юм.

Гэхдээ шүүгч эцсийн байдлаар гэм буруутанг тогтоож, түүнд тохирсон ялыг оноодог. Түүний гаргасан шийдвэрийг хөндлөгөөс хэн ч хянах ёсгүй. Мөн шүүгч гаргасан шийдвэртээ хэзээ ч хариуцлага хүлээхгүй гээд хуульд заагаад өгчихсөн учраас Ц.Батбаяр, Т.Билэгт нарт ял оноох төдийхнөөр хууль бусаар хувьчлагдсан “Өргөө”, “Улаанбаатар таймс” сонин, “Сэргээн засах клиник” эмнэлэг зэрэг нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 5 сая төгрөгийн цаана замхран одож байгаа нь энэ аж.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button