Р.Саруултөгс: Би нэг ч удаа Б.Даваадорж мөнгө угаажээ гэж бичээгүй

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэгдүгээр шүүх дээр нэг хэсэг их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт нэр нь холбогдоод байсан ХБНГУ-д сууж байсан элчин сайд Б.Даваадоржийн нэхэмжлэлтэй Өглөөний сонины эрэн сурвалжлах мэдээний албаны дарга, сэтгүүлч Р.Саруултөгст  холбогдох  хэргийг  шүүх хурал болж байна. Тодруулбал сэтгүүлчийг гүтгэлэгийн чанартай худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу  эрүүгийн хуулийн 111.2 дугаар зүйл  ангиар буруутган шүүж байгаа юм. Тэрбээр ХБНГУ-д сууж байсан элчин сайд Б.Даваадоржийн дансанд 201 мянган евро таван удаагийн гүйлгээгээр орсон байсныг дэлгэн тавьсан юм.  Шүүх хурал яг одоо хаалттай үргэлжилж байна. Шүүх хурал эхлэхээс өмнө бид шүүгдэгчээс  дараах  зүйлсийг тодрууллаа.

-Өнөөдрийн шүүх хуралдаанд ямар байр суурьтай оролцож байгаа вэ?

-Өнөөдрийн шүүх хуралдаанаар улсын яллагч намайг 111.2-р яллаж байгаа. Харин миний хувьд үүнтэй санал нийлэхгүй байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн оны таван сараас эхлээд манай сонин ХБНГУ-д суугаа элчин сайд Б.Даваадорж гэдэг хүнтэй холбоотой таван удаагийн нийтлэл бичсэн. Гэхдээ эдгээр нийтлэлдээ нэг ч удаа Б.Даваадоржийг мөнгө угаасан гэж бичээгүй. Миний нийтлэл бичсэн гол зорилго бол элчин сайд Б.Даваадорж гэдэг хүн өөрийнхөө эдлэх ёстой эрх ямбийг бусдад ашиглуулчихвий, татвараас чөлөөлүүлчихвий гэдэг өнцгөөс сэрэмжлүүлж бичсэн. Ийм байхад намайг гүтгэлэгийн чанартай мэдээллийг олон нийтэд тараасан гэдэг зүйл ангиар буруутгаж байгаад гайхаж байна. Ер нь Б.Даваадорж өөрөө миний бичсэн нийтлэлийг үнэн гэдгийг батлаад  Өдрийн сонины Берлин дэх сурвалжлагчид ярилцлага өгсөн байдаг. Юу гэхээр миний дансанд манай найзууд тавилга, машин тэрэг захиж 201 мянган евро хийсэн гэж хэлсэн байдаг. Өнөөдөр наймагй шүүх гол үндэслэл юу гэхээр намайг эх сурвалжаа хэлэхийг л шаардаж байгаа. Мэдээж би сэтгүүлч хүн учраас энэхүү мэдээллийг надад өгсөн эх сурвалжаа нууцалж байгаа. Энэ нийтлэлийг бичихээс өмнө Германд суугаа элчинй сайд мөнгө угаасан хэрэгт холбогджээ гэх мессеж тарчихсан байсан.  2013 оны тавдугаар сард манай ГХЯ-нд Баттөмөр,  Батмөнх гэдэг хоёр ажилтанд Германы элчин сайдын яамын Ванделберг гэдэг хүн мейлээр явуулчихсан байсан. Энэ бол баталгаатай мэдээлэл.  

-Эх сурвалжийг гурван хүн байгаа гээд байсан.Энэ нь ямар учиртай хүмүүс вэ?

-Энийг бол би мэдэхгүй байна. Миний хувьд надад олон хүмүүс утасдаж мэдээлэл өгч байсан. Гэхдээ тэр болгонд итгээд бичсэн хэрэг биш л дээ . Баттай эх сурвалжаас нягталж шалгасны үндсэн дээр л бичсэн.

-Мөрдөн байцаалт хэрхэн явагдсан гэж таны зүгээс үзэж байгаа вэ?

-Миний хувьд мөрдөн байцаалт дутуу явагдсан гэж үзэж байгаа. Юу гэхээр Баттөмөр, Батмөнх, Мандах гээд гурван хүнийг элчин сайд хардаж байгаа юм байна лээ. Энэ гурван хүний мэдүүлэг минийхтэй таарсан. Тэд энэ сэтгүүлчийн бичсэн Б.Даваадорж гэдэг хүнийг шалгаж байна гэсэн мейл аль хэдийн бидэнд ирсэн байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл үүнийг мөрдөн байцаагч нягтлаагүй юм бэ?

-Хэрэв таны гэм буруугүй тогтоогдвол  та бүтэн нэг жилийн хугацаанд ажил төрлөө алдан шүүхийн үүд сахиж суусаныхаа төлөө гомдол гаргах уу?

-Энэ асуудлыг ярихад арай эрт байна. Миний хувьд бүтэн жил гарангийн хугацаанд өглөө болгон ирж цагаа бүртгүүлдэг байсан. Миний гэр бүлийнхэн болоод миний хувьд сэтгэл санаа их хүнд байна. Мөн энд нэг зүйлийг хэлэхэд элчин сайд асан Б.Даваадорж надад хэлэхдээ миний эцсийн зорилго бол чи биш, чи бол зүгээр л хэвлэн нийтэлсэн. Харин чиний цаана байгаа хүмүүс дараа дараагийн хүмүүс иймэрхүү асуудал гаргахаас би сэрэмжилж байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ хүний эцсийн зорилго тодорхой байгаа  биздээ.

Ийнхүү ярилцсаны эцэст шүүх хурлын цаг болж тэрбээр танхим руу орсон юм. Харин бид Өглөөний сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаас зарим зүйлийг тодрууллаа.

Танай сонины сэтгүүлчийг шүүж байгаад тан бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

2013 оны тавдугаар сараас эхлэн манай сонин Монгол Улсаас Германд суух элчин сайд Б.Даваадоржийн данс руу Монгол Улсаас таван удаагийн үйлдлээр 2100 евро орсон гэсэн мэдээллийг дэлгэсэн. Зөвхөн энэ мэдээллийг дэлгээд зогсохгүй өмнө нь энэ хүний холбогдож байсан хэргийн хурлын протоколуудыг авч, олон нийтэд мэдээлсэн. Манай сонинг энэ мэдээллийг гаргасны дараа Б.Даваадорж "Өдрийн сонин"-нд ярилцлага өгсөн байдаг. "Өглөөний сонин дээр ийм мэдээлэл гарсан байна" гэсэн Өдрийн сонины сэтгүүлчийн асуултад "Тийм ээ, таван удаагийн үйлдлээр миний данс руу мөнгө орсон нь үнэн" гэж яриад, өөрөө нотолсон байгаа.

-Данс руу нь мөнгө орсон гэдгийг өөрөө нотолсон гэлээ. Тэгвэл сэтгүүлчийг яагаад яллах гээд байгаа юм бол?

-Сэтгүүлчийг баримт олж авсан эх сурвалжаа хэл гэж тулгаж байна. Энэ нь сэтгүүлчийг мохоох гэсэн арга. Сэтгүүлч бол энэ мэдээллийг ганцхан эх сурвалжаас аваагүй. Маш олон эх сурвалжаас мэдээллээ авсан. Тухайн үед манай сонинг энэ мэдээллийг хөндөж бичиж байхад Германд байдаг Монголын Элчин сайдын яамны хоёр хүн руу "Б.Даваадоржийг Германд мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлж байна. Энэ хүний албан тушаал нь саад болоод байна" гэсэн майлыг хүртэл бичиж байсан. Энэ мэт олон эх сурвалжаар манай сэтгүүлч мэдээллээ баталгаажуулсан.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button