Арева компанийн үйл ажиллагааг зогсоохыг хүслээ
Сүхбаатар аймагт ураны хууль бус тусгай зөвшөөрөл олгосон гэх асуудлаар Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Ж.Ганбаатар, С.Дамдинсүрэн мөн “Баяншарга” ТББ тэргүүн Л.Бор нар мэдээлэл хийлээ. Тэд тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Арева компанид 2008 оноос эхлэн ашигт малтмалын газраас тухайн үеийн хууль, тогтоомжийг зөрчин ураны хайгуулын лиценз олгосон хэмээн үзэж байгаа аж.
Энэ талаар удаа дараа төрийн холбогдох албаныханд мэдэгдсэн ч өнөөг хүртэл ямар ч хариу өгөөгүй байгаа гэнэ. Тиймээс “Байгаль орчны иргэний зөвлөл”-ийн зүгээс уг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал илгээсэн байна. Одоогоор “Арева” компани Сүхбаатар аймгийн Дарьганга суман дахь байгалийн цогцолборт газар, Хүйтэн уул, Зотолхаан уулнаа ураны хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж.