"Оюутолгой"-д оруулсан татварын шалгалт Арбитрын шүүхэд дуудагдах үндэс боллоо

-Татварын ерөнхий газар “Оюутолгой” компанид татварын шалгалт оруулах ёсгүй байж. Үүнээс болоод Монгол Улсын Засгийн газар олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах дээрээ туллаа шүү дээ-
“Оюутолгой” компани татвараас зайлсхийв
Оюутолгой компанийн ил уурхайн үйл ажиллагаа хэвийн байгаа ч далд уурхай хөрөнгийн улмаас зогсолтод ороод байгаа. Тодруулбал, 6.6 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх эсэх нь эргэлзээтэй болж үүнээс шалтгаалан Монгол Улсын төсөв тасарч эхэлсэн юм.
Тиймээс төсөв бүрдүүлэгч ТЕГ, ГЕГ зэрэг байгууллагуудыг Монгол Улсын Засгийн газраас шахаж эхэлсэн байна. Үүний хүрээнд Татварын ерөнхий газраас “Оюутолгой” компанид татварын шалгалт оруулжээ. Гэвч шалгалтаар “Оюутолгой” компани 130-аад сая ам.долларын татвараас зайлсхийсэн болох нь тогтоогдсон байна. Тиймээс ТЕГ-ын дарга Т.Батмагнай гарын үсэг бүхий мэдэгдэл тус компанид иржээ.
Энэ хэмжээний татвар төлөөгүй байж магадгүй гэх мэдээллийг “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд ч нэг биш удаа хэвлэлээр мэдээлсэн байна. Ингээд Монгол төсвийн зарим хэсгийг бүрдүүлэгч “Оюутолгой” компани татвараас зайлсхийдэг болох нь тогтоогдож эхэлсэн юм.
Татварын байцаагчийн дүгнэлт худал гэв
Гэвч “Оюутолгой” компанийн дийлэнх хувийг эзэмшигч Turquise Hill Resources” компанийн зүгээс татварын байцаагчийн дүгнэлтийг няцааж “ Бид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Татварын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас олон улсын Арбитрын шүүхэд хандана” гэж мэдэгдэв.
Өөрөөр хэлбэл өнгөрөгч хугацаанд татвараас зайлсхийсэн зүйл байхгүй. Татварын байцаагч худал дүгнэлт гаргалаа гэж мэдэгдээд байгаа юм.
Улмаар Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрэв асуудал үүссэн тохиолдолд Засгийн газартай харилцах болно гэсэн хариуг өгч энэ хүрээнд татварын маргаан байгаа эсэх, цаашид ямар арга хэмжээ авах эсэх нь яригдаж байгаа аж. Тодруулбал, Татварын байцаагчийн тогтоосон 130-аад сая ам.долларын акт хэрхэн өөрчлөгдөхөөс Монгол Улсын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдах уу үгүй юу эсэх нь хамаарахаар болоод байна.
“Оюутолгой”-г татварын асуудлаас чөлөөлөх үү
“Оюутолгой” компанид үүссэн элдэв маргаанаас болоод Монгол Улсын төсвийн нэлээд хэсэг тасраад байгаа гэж дээр дурьдсан. Маргааны нэг хэсэгт 130-аад сая ам.долларын татварын асуудал багтаж байж магадгүй. Тиймээс л Татварын ерөнхий газрын шалгалтын дүгнэлтийг цуцлах. Эсвэл Арбитрын шүүхэд дуудагдах гэсэн хоёр л сонголт бий болоод байгаа аж.
Монгол Улс Арбитрын шүүхэд дуудагдсан маргаанаас хоёр удаа ялалт авч байсан ч шүүх хурал үргэлжлэх, маргаан үүсгэх хугацаа бүрийн зардлыг өөрөөсөө буюу татвар төлөгчдийн халааснаас гаргаж байсан гэдэг.
Энэ нь Арбитрын шүүхэд дуудагдах шаардлагагүй гэдгийг баталж байгаа юм. Тэглээ гээд Монгол Улсын Татварын хуулийг зөрчин 130-аад сая ам.долларын татвараас зайлсхийсэн үйлдлийг тоохгүй өнгөрч болмооргүй л байна.
Ами
Оллоо.мн