Боловсруулах үйлдвэр барих саналаа 22 ААН ирүүлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Хотын хог хаягдлын менежентийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2-оос доошгүй хог боловсруулах үйлдвэр байгуулна гэж тусгасан байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих төсөлд хамтран ажиллах саналыг 2013 онд нээлттэй зарлаж нийт 22 аж ахуйн нэгж байгууллага саналаа ирүүлжээ.
Эдгээрээс, хаягдал цаас үйлдвэрлэх 1, хуванцар хаягдал дахин боловсруулах 2, барилгын хог боловсруулах 1, шатаах, эрчим хүч гаргах үйлдвэрийн 1 саналыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дэмжсэн байна.
Улаанбаатар хотод жилдээ дунджаар 800-850 мянган тонн ахуйн хог хаягдал гарч байгаа бөгөөд орон сууцанд амьдарч байгаа нэг иргэн өдөрт 300 гр, гэр хороололд амьдарч байгаа иргэн 800гр хог хаягдал үүсгэж, Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 1500-2000 тн ахуйн хог хаягдлыг хүлээн авч, дарж устгах үйл ажиллагааг өдөр бүр технологийн дагуу хийж байгаа юм.
Г.Уянга
оллоо.мн