Хүний хөгжлийн сан 900 гаруй тэрбум төгрөгийн өртэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 81 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Өнөөдөр амьжиргааны түвшин харгалзахгүйгээр бүх хүүхэд 20 мянган төгрөг авч байгаа юм. Харин энэ хуульд өөрчлөлт оруулснаар зорилтот бүлгийн 0-18 хүртэлх насны хүүхдэд уг мөнгийг олгох юм байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үед Сангийн сайд Хүний хөгжил сан өрөнд орсон талаар хэллээ. Түүний хэлснээр тус сан 900 гаруй тэрбум төгрөгийн өртэй болсон гэнэ.
Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өр тавин байж, хүүхдийн мөнгийг алагчилж олгохыг дэмжихгүй. Хүний хөгжлийн сан нь халамжийн сан болж хувирсан байна. Хүний хөгжил сангаар дамжуулж өнөөдрийн байдлаар 1.2 их наяд төгрөгийг иргэдэд олгосон байна. Энэ нь нийт дүнгээрээ гаднаас босгосон бондын хэмжээнд хүрэхүйц мөнгө. Гэтэл үүнийгээ халамж хэлбэрээр тараачихсан. Энэ мөнгө хэрэгтэй айл өрх бий ч одоо сонголт хийх боломжийг нь олгоё. Сар бүр 20 мянган төгрөг авах юм уу, хүрэлцэхгүй байгаа сургууль, цэцэрлэг барихад зарцуулах уу гэдэг сонголтыг нь өгье. Хэрвээ бид энэ санг халамж болгож хувиргах гэж байгаа бол мөнгөн тэтгэмж болгоё. Хүүхдээ вакцинд хамруулах юм бол, хүүхдэдээ ерөнхий боловсрол олгодог бол олгоё. Хүн амаа өсгөх бодлого юм бол 18 нас хүрээд дээд боловсрол эзэмших, эсвэл мэргэжлийн сургуульд суралцахад ашиглах Ирээдүйн боловсролын даатгалын сан болгож болдоггүй юм уу” гэж байлаа.
Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга “Түүх сөхвөл Хүүхдийн мөнгө АН-ыг ялалтад хүргэж байсан. Хүүхдийн мөнгөөр дамжиж баялгийн шударга хуваарилалт бага хэмжээгээр ч гэсэн явагдаж байгаа. Энэн бол баялгийн хуваарилалтын том зүйл байлаа. Энэ хууль батлагдсан Үндсэн хуулийн цэц рүү явна. Үүнийг мөнгийг хүүхэд бүрт өгөх ёстой” гэж байлаа.
olloo.mn