Долоо хоногийн тойм

Өнгөрч буй энэ долоо хоног бол шинэ оны хамгийн эхний долоо хоног байв. Иймээс уг долоо хоног бүх ажилчдын хувьд эхний ажлаа үр бүтээлтэй хийх, ирж буй бүхнийг өөдрөгөөр харсан, мөрөөдсөн өдрүүд байв. Ингээд энэ долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэе.
Ерөнхийлөгч үг хэлэв
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг. Үүнийхээ дагуу тэрбээр энэ долоо хоногт болсон УИХ-ын чуулганд үг хэлсэн юм. Түүний хэлсэн үг ард түмэнд гэхээсээ илүүтэй УИХ, Засгийн газрйын гишүүдэд чиглэгдсэн байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч үгэндээ “Бүтээх бүр хэцүү, нураах, зогсоох хичнээн хялбар, бас хорлонтой болохыг, түүний горыг амсахаараа нэг болж байна. Шийдэх бүтээх гэсэн нь буруутдаг, бүтээлгэхгүй нураах гэсэн нь зөвтдөг ёрын хандлагыг газар авахуулж болохгүй. Бид бүгд үүнд дүгнэлт хийх ёстой. Учир нь ийм хандлага Монголыг мохоох хандлага. Бид Монголын зовлонг нимгэлэхийн төлөө зүтгэх ёстой болохоос нэмэх ёсгүй. Ялангуяа улс орны хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах эрхтэй, хариуцлага хүлээсэн, үүрэг хүлээсэн хүмүүс ийм буруу хандлага, явцгүй ёс зүйд донтож, автаж болохгүй. Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж болохгүй.” гэсэн юм.
Найз бүсгүйгээ хөнөөсөн Г.Алтанхүүгийн хэрэг шийдэгдэв
Найз бүсгүйгээ зодож амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт шүүгдсэн Г.Алтанхүүд шүүхээс гурван жилийн хорих ял оноосон. Учир нь түүнийг найз охиныхоо аминд хүрээгүй, харин биед нь гэмтэл учруулж байсан гэж үзсэн юм. Тэгвэл өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхээс албан ёсны мэдээлэл хийлээ. Тус шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн М.Мөнхтуяа “Г.Алтанхүүд холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэж, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгийг үндэслэн 3 жилийн хорих ял оноосон.
Харин түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон. Учир нь шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийн гаргасан дөрвөн дүгнэлтээр талийгаачийг архины хордлого буюу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний нэн цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан болохыг тогтоосон. Г.Алтанхүүд оногдуулсан гурван жилийн хорих ялаас цагдан хоригдсон хоногийг хасахаар шүүх шийдвэрлэсэн” гэсэн юм.
МҮОНРТ-ийн шинэ дарга сонгогдов
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл дөнгөж сая хуралдаж МҮОНРТ-ийн захирлаар Ц.Оюундарийг томилсон байна. Ц.Оюундарийг хуралдаанд оролцсон нийт гишүүд бүгд дэмжсэн бөгөөд 100 хувийн саналаар сонгосон. Тэрээр МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшихийн тулд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Ийнхүү тэрбээр МҮОНРТВ-ийг олон жил авч явсан М.Наранбаатарын залгамж халаа боллоо.
Жудо, чөлөөт бөхийн УАШТ-үүд эхлэв
Шинэ оны эхний долоо хоногт спортын салбарт тэмцээнүүд өрнөсөөр байв. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр "Буянт-Ухаа" спортын ордонд эхэлсэн. Улсын аваргад медальт байрт шалгарсан жүдочид энэ онд эх орноо төлөөлөн тив, дэлхийн олон тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм. Тухайлбал, ирэх тавдугаар сарын 13-17-д Кувейт улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, ДАШТ, "Их дуулга", Гранпри, Ази, Европын нээлттэй тэмцээнд оролцоно.
Мөн Чөлөөт бухийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн баасан гарагт эхлэв.
olloo.mn