Бодитоор харж боломжийг бий болгоё, улстөрчид өө

Н.Алтанхуягийн Засгийн газар хянаж шалгах, хорьж цагдахыг урьтал болгож байсан бол Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн эв нэгдлийн Засгийн газар хасна, танана, хэмнэнэ гэсэн үгийг урьтал болгож байна хэмээн шүүмжлэх хүмүүс бишгүй олон байна. Гэвч бидэнд эндээс өөр зам, үүнээс цааш газар үгуй болсныг илүү олон хүмүүс ойлгож байгаа. Халамжид “энхрийлүүлж” ирсэн хэсэг бүлэгт хэцүү байгаа ч халамж гэж хавтгайруулж мөнгө тараах биш гэдгийг ойлгох цаг нь болсон. Оюутолгой, Тавантолгойг ашиглалтад оруулж барж идэмгүй их мөнгө олж ирэх сайхан мөрөөдөл салхинд хийсчихээд байна. Тавантолгойн хөрөнгө оруулагчид хэдийгээр шийдэл олохоор ширээний ард суусан ч хөрөнгө босгож, мөнгө орж иртлээ л хоёр гурван жилийн хугацаа бай­гаа юм. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх нь одоогоор тодорхой биш байгаа. Ийм байхад бид халамжаа танаж, үргүй зардлаа тэвчиж л ойрын хэдэн жилдээ улсаа дампууруулчихгүй үлдэх хэрэгтэй болоод байна.

 

Уул уурхайд хөрөнгө хаяж байсан хэсэг бүлгийг хааж боож хорьж цагдсаар байгаад улсаасаа хөөгөөд гаргачихсан. Алтны ил тод байдлын тухай хууль батлагдаж, алтаа эх орондоо

үлдээх боломжийг нээсэн ч гаднаас валют орж ирэхгүй учраас мөнгөний хомсдолд орчихоод байна. Аж ахуйн нэгжүүдийг гаднаас мөнгө олоод ир гэж явуулахын оронд татвараар дарамталж, хааж боодог, хорьдог шалгадаг гажиг тогтолцоо өнөөдрийг хүртэл арилаагүй хэвээр. Бондоор бариулсан зам ойрын таван жилдээ ашгаа өгөхгүй нь тодорхой байна. Ийм байхад бид хэнээс, юунаас мөнгө босгож улсаа хямралаас гаргана гэж наанаа сайхан амлаж, хөшигний цаана сандал суудлын тохироо хийх вэ. Мэдээж бидэнд гарц байна уу гэвэл байна.

 

Харамсалтай нь ард түмэнд таалагдахын төлөө юу ч  хийж мэдэх, дахин сонгогдохын төлөө зоригтой, зорилготой шийдвэр гаргаж чаддаггүй хэсэг бүлгийн улстөржилт, популизмын уршгаар тэр боломжоо хаачихлаа. Зээл аваад бүтээн байгуулалтаа хөдөлгөөнд оруулж, боловсруулах боломжийг өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанаар хааж орхив. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ- ын гишүүдийн 3/2 нь дэмжсэн тохиолдолд өөрчлөх байсан ч 42 хувь нь татгалзаж олонхийн дэмжлэг авч чадалгүй уналаа. Харин үр дүнд нь ард түмний халаас руу өнгийж, аргаа барж арчаагаа алдаж Оюутолгойн хөрөнгө оруулагчид “хамраа сөхөх” боломжийг бий болгож байгаа юм.

 

Өрийн таац хуулиараа 40 хувь байх ёстой. Гэтэл энэ нь одоо 57 хувь болж, Ерөнхийлөгчийн хэлдгээр таазаа цоолж, босгоо сэтэлчихээд байгаа. Ийм байхад 70 хувь болгоод бүтээн байгуулалтаа хийгээд, үйлдвэрээ хөдөлгөөнд оруулаад явах боломжийг л улстөрчид эрж хайх хэрэгтэй байв. Энэ санааг ч Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганы индэр дээрээс ил тод хэлсэн билээ. Тэрбээр, “Бодитоор хар, мөнгөө зээл. Мөнгөгүй зээлгүй бол яаж үйлдвэр босох юм бэ. Жилийн 24 хувийн хүүгээр үйлдвэр босохгүй ээ. Энэ хэдэн банк чинь ломбард шиг ажиллаж байна. Өөр боломжуудыг нээгээч. Сайд нартаа шалгуур тавиач. Ядаж салбартаа хувийн бизнесгүй, ашиг сонирхлын зөрчилгүй хүнийг сайд, даргаар ажиллуулж өгөөч” хэмээн бодит амьдрал дунд байгаа үйлдвэрлэгч, бүтээгчдийн хэлсэн үгийг дамжуулав.

 

Өрийн таацаа нэмэгдүүл, үйлдвэр барих мөнгө гарга, хурдан хугацаанд ашиг өгөх том том үйлдвэрүүд барьж, эргээд энэ мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруул гэсэн жирийн үйлдвэр эрхлэгчдийн үгийг тэрбээр дамжуулсан юм. Харамсалтай нь хамтраад хямралаас гаргачихна хэмээн амлаж, хамаг гайгүй албан тушаалд очсон МАН-ын явцуу эрх ашиг, явуургүй улстөржилт энэ боломжуудыг хаачихлаа. Тэдний амлалт ард түмнээ сайхан амьдруулах, хямралаас хамтдаа гарах

байсан. Тиймээс ам.доллар хаанаас олж ирэхээ мэдэхгүй суугаа Засгийн газарт итгээд дэмжлэг үзүүлээд хамтдаа боломжийг эрж, хариуцлага хүлээх ёстой бол хүлээгээд явах учиртай биш үү. Ингэх л гэж засагт орж, эрх мэдэлд очсон баймаар. Улстөрчдийн халааснаас мөнгө унахгүй ээ. Утасны мөнгө нь багасна уу гэхээс ууж идэх, тансаглалынх нь мөнгө багасахгүй учраас тэд ийм явцуу улс төр хийж байгаа хэрэг.

 

 Эдийн засаг нь саарч, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1900 төгрөг шүргэж байхад “Зээл авч өр нэмэхгүй” гэчихээр шинэ Засгийн газар, Ерөнхий сайд ямар хөрөнгөөрөө юу хийх хэрэг вэ. Өрийн таац нэмэхгүй гэж суугаад хэнд ч ашигтай биш гэдгийг эдийн засаг жаахан гадарладаг, энэ улсын ирээдүйд итгэдэг хэсэг бүлэг мэдэж байгаа. Боломжуудаа олж хараад бүтээгч, баялаг бүтээгчдээ дэмждэг улс болчихвол цөөхөн хэдэн жилийн дотор эргүүлээд төлчих бөломж хангалттай бий. Хэдэн том үйлдвэрээ барьчихсан байхад ойрын 20 жилдээ гаднаас зээлсэн хэдэн тэрбум ам.доллараас ч илүүг үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах боломж байна.

 

Энэ боломжийг олж харахгүй байна гэж үгүй баймаар. Хамтарч байгаа л бол хамтдаа л зүтгээд үз. Хамтарч чадахгүй бол ингэж тээг садаа болж, төрийн ажлыг гацааж, АН-ын Засгийн газар их зүйл хийчихвэл Ардын намд дахиад олонхи болох боломж гарахгүй гэсэн явцуу улс төр хийхээ боль, МАН- ынхаан.

 

Шийдлийн Засгийн газарт бүх нам эвсэл ороход нэг ч хүний амнаас шүүмжлэлтэй зүйл гараагүй. Хэвлэл мэдээлэл ч тэднийг хамтарч ажиллахаас өөр гарц байхгүй гэдгийг нь сануулж, дэмжиж байв. Харин өнөө маргаашийн эрх ашгийн үүднээс асуудал хандаж, улс орны эрх ашгийн төлөө амжилт, алдаагаа хамтдаа үүрч чадахгүй байгаа тэдний үнэн төрх юу байсныг сүүлийн хэдэн өдөр хангалттай харлаа. Нам дагасан хэсэг бүлгээ хоолонд хүргэхийн тулд л тэд Засгийн газарт хамтарсан юм биш үү. Харин ард түмний амьдрал хэрхэх, боломжоо бодитоор харж бүтээн байгуулалт хийх зоригтой алхам хийх эсэх нь тэдэнд хамаагүй юм байна. Зээл аваг. Тэгээд Засгийн газарт итгэл үзүүлье. Хэрвээ чадахгүй бол хариуцлага тооцох механизм бүрдчихсэн учраас санаа зовох хэрэг юу байна.

 

Монголын мэдээ

Б.Тогтох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button