Татвар + татвар = ААН-үүдэд дэмжлэг болж чадах уу

2015 оны Төсвийн тодотголын хуулийн төслийг хэлэлцэхтэй зэрэгцээд иргэд олон нийтийн шүүмжлэлтэй хандах олон асуудлууд урган гарсаар байна. УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн/2015.01.09/ хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдах хуулиуд болон нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тус тус заасан боловч нийслэл хотын албан татварын тухай хууль өнөөг хүртэл батлагдаагүй байгаа аж. Энэ дагуу 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг өргөн барьсан байна.
Татварыг орлогод, хөрөнгөд болон хэрэглээнд гэсэн 3 үндсэн зүйлд ногдуулдаг. Эдгээрээс хотын татварыг ногдуулах хамгийн зохистой зүйл бол хэрэглээ буюу хотын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ гэж хууль санаачлагч үзсэн байна.
Дэлхийн орнуудын дээрх туршлагад үндэслэн төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах гэх мэт хотын өдөр тутмын амьдралд тулгарч буй олон асуудлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэх зорилгоор нийслэл хотод бизнес эрхэлсэн бол энэ төрлийн татварыг ногдуулдаг байхаар хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд нийслэл хотын албан татварыг албан татвар суутгагчийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулахаар тусгасан байна. Түүнчлэн Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 0-1.0 хувийн хязгаарт багтаан батлахаар төсөлд тусгажээ.
Гэвч хуулийн төслийг гишүүдийн зүгээс буруутган хүлээн авлаа. Учир нь иргэдийн худалдан авалт буурсан, үүнийг дагаад ААН-үүдийн өрсөлдөх чадвар муудаж, үйл ажиллагаа нь доголдсон, амиа яах вэ гэж байгаа энэ үед татвараар дарамтлана гэдэг байж болохгүй гэдэг санал дээр нэгдэж байв.
Үнэхээр улсын орлогыг бүрдүүлэхийн тулд нийслэл дэх ААН-үүдийг татвараар шахна гэдэг байж боломжгүй хэрэг. 2014 оны төсвийн гүйцэтгэлийг харахад бүх төрлийн татварын орлого тасалдсан байна. Харин торгууль, шийтгэлийн орлого нь 140 тэрбум төгрөгөөр давсан байгаа юм. Эндээс ААН-үүд дээр ирж буй дарамт ямар их байсан бэ гэдгийг харж болно. Гэхдээ л нийслэл дэх ААН-үүд жилдээ 1.5 их наяд төгрөгийг татвар хэлбэрээр төлдөг. Өөрөөр хэлбэл улсын төсвийн 40-д хувийг дангаараа бүрдүүлдэг эдгээр ААН-үүдээс авах татварыг нэмэгдүүлснээр ирэх хүндрэл нь иргэдийн нуруун дээр буух болно гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж учирлав.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Гэр хороололд амьдрал хүнд байгаа. Тодорхой хэлбэрээр жижиг үйлчилгээ үзүүлдэг газар байна. Ийм газруудад тодорхой тоо тавьдаг. Хөгжил дорой газар бол нийслэлийн хороод. Энд хэдий хэмжээний татвар ногдуулах гээд байна вэ?” хэмээсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “100 сая төгрөгийн орлоготой үсчин гэж байх уу. Миний эгч үсчин. Үсчид суудлын тоогоор ажилладаг шүү дээ. 100 мянган төгрөг бол мөнгө. Хуулийн үзэл баримтлал арай өөр тийшээ явчих шиг боллоо. Үүн дээр би хариулт авмаар байна. Хэрэгжихэд хүндрэлтэй хуул ороод ирсэн юм шиг байна” гэж хэлэв.
Эдгээр асуултанд Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Татварын хувь хэмжээний тухайд 0-1 гэж байгаа юм. Гэхдээ хотын төвийн, захын гэж ангилах байх. Төвлөрлийг сааруулж, нийслэл хотын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа” гэсэн хариултыг өгсөн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Энэ татварын хүрээнд жуулчин татах юм. Сөүлд энэ татвараас орлого олсон байдаг. Хүн авчирлаа, бизнес эрхэл гэж татаас өгдөг. Зохицуулалт нь бол явагдана” гэсэн юм.
Гэхдээ иргэдийн амьдрал ахуй хүнд байхад нэмж татвар бий болгох замаар улсын тасарсан орлогыг бүрдүүлэх гэж оролдож байгаа нь буруу гэдгийг ихэнх гишүүд хэлж байв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Нийслэлийн иргэдэд татвар оногдуулахтай холбоотой асуудал төдийгүй таван төрлийн татвар авахаар оруулж ирсэн энэ хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаа. Ямар нэгэн байдлаар татвар нэмэгдүүлэх тухай асуудал ярих нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хүн бүрт дарамт учруулдаг. Эдийн засгийн хямралтай, хүндрэлтэй нөхцөл байдалтай байна гэж ярьж байгаа хэрнээ нөгөө талдаа татвар нэмэгдүүлнэ гэх нь буруу. Хөдөлмөрчдийн орлогыг танаж биш нэмж, тансаг хэрэглээг багасгаж хямралаас гарья гэж иргэдийн жагсаал цуглаан хийж байгаа нь зөв. Нийслэлийн болоод бусад татварыг нэмэхгүйгээр сайд, дарга нарын тансаг хэрэглээг хасахад ямар хэмжээний хэмнэлт гаргаж болох нь тодорхой байгаа” гэсэн юм.
Засгийн газрын зүгээс эдийн засгаа сайжруулах, эрчимжүүлэх аль бололцоотой гэсэн аргуудыг хэрэглэж байна. Гэвч энэ бүгд нь эцэстээ ард иргэдэд дарамт болж очоод байгаа нь харамсалтай. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл ч мөн адил цаг үеэ олсонгүй. ААН-үүдийг дэмжинэ гээд л Ерөнхий сайд нь яриад байдаг. Тэгсэн наагуур нь татвараар дарамтлаад эхэлвэл яаж дэмжлэг болох вэ дээ.
Olloo.mn