АТГ-аас шалгахад М.Наранбаатар олон хууль тогтоол зөрчсөнийг илрүүлжээ

МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг хууль бус ажиллагаа явуулж байгаа тул АТГ-т шалгуулах хүсэлт хүргүүлсэн талаар З.Дорж мэдээлж байсан.
Харин түүний хүсэлтийн дагуу АТГ-аас шалгалт явуулаад, хэд хэдэн зөрчил илрүүлсэн тухай сэтгүүлч, зохиолч З.Дорж өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийлээ. Тэрбээр, АТГ- аас шалгалт хийгээд М.Наранбаатарт хүргүүлсэн албан бичигт доорх зөрчлүүд илэрсэн талаар ярьсан юм.
-МҮОНРТ-ийн харуул хамгаалалтыг хувийн байгууллага хариуцах хэрэгтэй гэж Засгийн газар 2014 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа шийдвэрлэсэн. Энэ дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 2014оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл энэ тендерт 2014 оны дөрөвдүгээр сарын 29- ний өдөр байгуулагдсан М.Наранбаатартай садан төрлийн холбоотой Б.Өлзийсайхан гэдэг хүний “Барбаатар” гэх компани 498 сая төгрөгийн үнийн саналаар шалгарсан байна гэдгийг АТГ тогтоосон байна.
-Олон нийтийн радио телевизийн тухай хуулинд МҮОНРТ-ийг ашгийн төлөө бус байгууллага гэж заасан. Гэтэл тус байгууллагын удирдах албан тушаалтнууд аж ахуйн нэгж байгууллагаас хамтран ажиллах чиглэлээр нэвтрүүлгийг ивээн тэтгэх, дэмжлэг туслалцаа хүсэх, уран бүтээлчдийн томилолтын зардал, унаа хоол, тээврийн зардлыг төлүүлэхээр хандах.
Мөн тухайн байгууллагын нэрийн бүтээгдэхүүнээс олгохыг хүсдэг байна. Энэ нь МҮОНРТ-ийн хууль болоод бусад тогтоолыг зөрчиж байна гэдгийг тогтоосон байна.
-М.Наранбаатар МҮОНРТ-ийн удирдлагын багийн 31 гишүүдэд 500.000-5.000.000 хүртэлх төгрөгийн урамшуулал олгосон нь удирдах албан тушаалтнуудад давуу байдал олгосон байна гэдгийг АТГ тогтоожээ.