Оросын эсрэг хориг арга хэмжээг шатлан зогсоох боломжийг үгүйсгэв

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Украйны зүүн нутагт явуулж байгаа Кремлийн бодлогын хариуд аваад байгаа хориг арга хэмжээнүүдийг шат дараалан халах боломжгүй гэж мэдэгдлээ.
Тэрээр энэ тухайгаа Украйны Ерөнхий сайд Арсений Яценюктэй хамт хэвлэлийн бага хурал хийх үеэр мэдэгдсэн байна. Ангела Меркель нь Минскийн тохиролцоог хэрэгжүүлсэн тохиолдолд л хориг арга хэмжээг бүгдийг нь нэгэн зэрэг халах боломжтой гэжээ.
Мөн Крымийг хүчээр өөртөө нэгтгэсний хариуд Москвагийн эсрэг авсан зарим хориг арга хэмжээг ойрын хугацаанд цуцлахгүй байх гэж Меркель мэдэгдэв. Тэрээр Крымийг Украйнд эргүүлэн өгсөн тохиолдолд багц хориг арга хэмжээг цуцлах боломжтой гээд “Яг одоо энэ талаар надад найдвар бага байна” гэсэн байна. Ойрын хугацаанд Украйны зүүн нутаг дахь хямралыг зохицуулах боломжийн талаарх найдлага бага байгааг бас ойлгуулав. Дараагийн долоо хоногт Казахстаны нийслэл Астанад ОХУ, Казахстан, Франц, ХБНГУ, Украйны төрийн тэргүүнүүдийн уулзалт болох эсэх талаар тодорхой хариу өгсөнгүй. Ийм уулзалт амжилттай боллоо ч гэсэн бүх маргаантай зүйлсийг зохицуулах боломжгүй гэдгийг Меркель онцолсон байна.