Германы христ, лал, иудейн шашны тэргүүнүүд хамтарсан мэдэгдэл гаргав

Германы хамгийн олон дагагчидтай шашны урсгалууд болох христийн католик, протестант чиглэл, лал болон иудейн шашны тэргүүнүүд хамтарсан мэдэгдэл гаргажээ. Тэд Парист болсон алан хядах ажиллагааг эрс шүүмжлээд энэ хэргийн хариуд өс авсан үйлдэл хийхгүй байхыг шашин нэгтнүүддээ уриалсан байна.
Тэд “Аллага нь дэргэдэх хүнээ хайрлах, нэгэндээ хүлээцтэй тэвчээртэй хандах гэсэн бид бүхний үнэт зүйлс, итгэл үнэмшил, сэтгэн бодох эрх чөлөө рүү хийж байгаа дайралт юм. … Бурханы нэрийн өмнөөс хүний амь хөнөөж болохгүй” гэсэн байна.
Цаашлаад энэхүү уриалгад “Библь, Коран, Тора судрууд нь үзэн ядалтых бус харин хайр хүндлэлийн ном юм. … Үзэн ядалтын эсрэг үзэн ядалтаар, үл тэвчихийн эсрэг үл тэвчилтээр хариу барьж болохгүй. Бид зөвхөн хамтдаа байж үнэт зүйл, шашин шүтлэгээ цөөн тооны явцуу үзэлт хэнээтнүүдээс хамгаалж чадна” гэжээ.
Энэ мэдэгдэлд Германы католикуудын тэргүүн, Евангелийн сүмийн тэргүүн, Германы лалын шашинтнуудын тэргүүн, Герман дахь еврейчүүдийн зөвлөлийн тэргүүн зэрэг хүмүүс гарын үсэг зуржээ.