Германд эмч нарын цалин хамгийн өндөр

Хамгийн өндөр цалин
2015 оны байдлаар Германд эмч нарын цалин хамгийн өндөр хэвээр байна гэсэн төлөвийг судлаачид гаргасан байна. Германд эмч нар жилд дунджаар 80 мянган еврогийн цалин авдаг. Хуульчид арай бага буюу эмч нараас 13 мянган еврогоор бага цалинтай. Харин нийт Германы хувьд жилийн дундаж цалин нь 52 мянган евро байдаг бөгөөд үүнд бүх төрлийн шагнал урамшуулал багтсан байна.
Газар нутаг ба цалин
Германы муж, бүс нутгаас хамаараад цалингийн хэмжээ ялгаатай. Төв ба өмнөд хэсгийн мужууд болох Гессен, Бавари, Баден-Вүртемберг мужуудад өндөр мэргэшсэн боловсон хүчинд жилийн 53-55 мянган еврогийн цалин өгдөг. Харин Умард Рейн-Вестфали, Хамбург, Рейнланд-Пфальц, Саар зэрэг мужуудад арай бага буюу жилийн 49-53 мянган еврогийн цалин өгдөг. Германы зүүн нутгуудад цалин хамгийн бага бөгөөд хамгийн бага цалинтай муж нь Саксони-Анхальт.
Боловсрол ба цалин
Боловсролын түвшин өндөр байх тусам авдаг цалин өндөр гэсэн зарчим Германд хатуу үйлчилсэн хэвээр. Дээд боловсролтой хүн боловсролын дипломгүй мэргэжил нэгтнээсээ даруй 35 хувиар илүү цалин авна. Боловсролын дээд шат гэгддэг шинжлэх ухааны зэрэг цол нь эзэндээ ихээхэн цалин нэмж өгдөг. “Доктор” цолтой хүний жилийн дундаж цалин 64 мянган евро байгаа бол зөвхөн магистрын дипломтой хүн жилдээ 56 мянгыг авдаг.
Мэргэжил ба цалин
Цалингийн хэмжээ мэргэжлээс мөн хамаарна. Боловсролтой байлаа ч өндөр настан, өвдсөн хүмүүсийн асаргааны салбарт ажилладаг хүн 30 мянган евро дөнгөж давсан цалин авна. Ийм газар нь 500 ба түүнээс бага хүн ажилладаг тохиолдолд л ийм хэмжээний цалин авах боломжтой. Компани, албан газарт ажилладаг хүний тоо 1000-аас давж гарвал цалингийн хэмжээ нь 37,5 мянган еврод хүрнэ. 1000 ба түүнээс дээш ажилтантай компаниудад мэргэжилтнүүд нь дунджаар 10 хувиар илүү өндөр цалин авдаг.
Хүйс ба цалин
Германд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс илүү цалин авдаг хэвээр. Жишээлэхэд, эмч нарын дунд энэ ялгаа нь 16720 евро хүрч байна.
Салбар ба цалин
Өнөөдөр Германд банк, эмийн үйлдвэрлэл, машин үйлдвэрлэл, теле харилцаа холбоо, химийн салбар нь хамгийн өндөр, ирээдүйтэй цалин санал болгож байна. Харин зочид буудал ба зоогийн газрын бизнес, боловсролын салбар, аялал жуулчлал, сурталчилгаа, ажилчдын мэргэжлийн цалин хамгийн бага байна.