Хамтарч шийднэ гэчихээд юу болов оо, МАН-ынхан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч санал хураах шатанд гишүүдийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Нэг үгээр хэлбэл Засгийн газрын өрийн таазыг 70 хувьд хүргэнэ гэсэн нь бүдэрчихлээ гэсэн үг. Төслийг унагахад УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд гол үүрэг гүйцэтгэсэн. Тэд Монгол Улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг одоогийн түвшинд нь буюу 52.3 хувьд нь барих ёстой гэсэн байр суурь барьж эсрэг санал өгсөнтэй холбоотой. Харин учир мэдэх хүн учраас Сангийн сайдаар сонгогдсон Ж.Эрдэнэбат хуулийн төслийг дэмжиж санал өгсөн.
Өр бол өглөг гэдэг нь тодорхой. Гэхдээ мөнгөгүй, хөрөнгөгүй байна гэдэг үүнээс бүр долоон дор. Өнөөдрийн нөхцөл байдал өрийн таазыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байгаа юм. Гэтэл МАН-ынхан улс орныхоо нөхцөл байдлыг харалгүй популизм хийхээ л гол болгох юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өрийн таазаа нэмэгдүүлэхгүй байсан ч бид дахиад л зээл авна. Гэхдээ ОУВС, эсвэл дэлхийн банк, бусад хандивлагч орнуудаас очоод л гуйлга гуйна шүү дээ. Тэгж авсан мөнгөөрөө эдийн засгаа урагшлуулах, хөрөнгө оруулалт хийж болохгүй. Гараа хумхиад суухаас өөр аргагүй л болно. Хэрэв үнэхээр энэ замыг сонго гээд УИХ-аас шийдэж өгвөл Засгийн газар биелүүлж л таарна. Гэхдээ бид хямралын өмнө бууж өгөлгүйгээр урагшаа харсан бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна. Энэ боломжийг Засгийн газарт олгооч. Боломж нь өрийн таазыг нэмэгдүүлснээр нээгдэх юм” гэсэн.
Уг нь саяхан л бид Монголынхоо ирээдүйг бодоод хамтрах шийдвэр гаргалаа хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл энэ хуулийн төсөл дээр хонь чоно шиг л хэрэлдэж, хоёр тийшээ хараад суучихлаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрийн таазыг 70 хувьд хүргэх, гадаадын хөрөнгө оруулалтаас 3-4 тэрбум ам.долларыг Монголын эдийн засагт оруулж ирэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Мөн өмнөд хөршийн тэргүүний амласан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хурдан оруулж ирэх талаар намууд ярилцаж байгаа юм. Өнөөдөр Монгол Улс 55.2 хувьтай тэнцэх хэмжээний өр тавьчихсан. Харин Си Зиньпин даргын хэлсэн нэг тэрбум ам.долларыг авчихвал өрийн тааз 70 хувьд хүрэх гэнэ. Хэдийгээр их мөнгөнөөс айж байгаа ч эдийн засгийн хүндрэлээс гаръя гэвэл урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг авах ёстой талаар эдийн засагчид ч хэлдэг.
Мөн Сангийн сайд нэгэн ярилцлагадаа “Эдийн засгаа тэлье гэж бодож байгаа бол урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг авч ашиглах ёстой” гэж байсан. Түүний хэлснээр бол гадаадын санхүүжүүлэгч байгууллага, улс орнуудаас урт хугацаатай, тухайлбал хоёр хүртэл хувийн хүүтэй, 20 гаруй жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох санал тавьж байгаа аж. Аль ч талаас нь харсан зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа нь үнэн. Авъя, өгье гэсэн аль аль тал, боломжийн нөхцөл болзол нь бас байгаа юм байна.
Үнэндээ өнөөдөр өрийн тааз 55.2 хувьтай байхад МАН-ынхан яаж буцаагаад 40 хувьтай болгох гэж зүтгээд байгаа юм бол оо. Хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед. Бараг л боломжгүй. Тэгэхээр нэг удаа Ерөнхий сайддаа итгээд үзэхэд болохгүй юм гэж үү. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өрийн таазаа нэмэгдүүлэхгүй байсан ч бид дахиад л зээл авна. Гэхдээ ОУВС, эсвэл дэлхийн банк, бусад хандивлагч орнуудаас очоод л гуйлга гуйна шүү дээ. Тэгж авсан мөнгөөрөө эдийн засгаа урагшлуулах, хөрөнгө оруулалт хийж болохгүй. Гараа хумхиад суухаас өөр аргагүй л болно. Хэрэв үнэхээр энэ замыг сонго гээд УИХ-аас шийдэж өгвөл Засгийн газар биелүүлж л таарна. Гэхдээ бид хямралын өмнө бууж өгөлгүйгээр урагшаа харсан бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна. Энэ боломжийг Засгийн газарт олгооч. Боломж нь өрийн таазыг нэмэгдүүлснээр нээгдэх юм” гэсэн.
Нэгэнт л Шийдлийн гэсэн нэртэй Засгийн газар шийдээд үзэхэд болохгүйн юу байна вэ. Тэгэхээр хүнд хэцүү байдлаа харгалзаж үзээд МАН-ынхан хамтдаа шийдээд үзсэн нь дээргүй юу.
olloo.mn