Орон нутгийнхан малын хөлийн татвар авах гэж байгаад дургүйцэж байлаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сум болон Олон овоот багийн төвд ажиллаад иржээ.  Байнгын хорооны дарга улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэдэд мэдээлэл өгөөд иргэдийн санал хүсэлтийг сонсож, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь УИХ-аар хэлэлцэж буй төсвийн тодотголын талаар, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгийг авах иргэдийн тоог цөөрүүлэхээр ярьж буй асуудлын талаар гишүүнээс тодруулж байлаа.  Мөн малын хөлийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэгдүүлэх нь иргэдийн амьдралд хүнд тусна хэмээж байсан. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгойн гэрээний талаар ч асууж байлаа.

 

Ж.Батсуурь гишүүн  Айраг суманд ажиллахдаа тус сумын ерөнхий боловсролын сургуульд Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайдын зүгээс дэмжлэг болгон өгсөн есөн компьютер, хоёр принтерийг гардуулсан юм. Тус сургуулийн захирал О.Одончимэг энэхүү иж бүрэн компьютерийг “Багш хөгжлийн төв”-дөө ашиглана гэж байлаа.

Г.Сүрэн

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button