Өнөөдөр Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсан өдөр

Одоогоос 23 жилийн өмнөх энэ өдөр буюу 1992.01.13-ны өдөр Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлан мөрдөж эхэлсэн билээ.

Энэ үйл явдлыг тохиолдуулан “Монгол улсын үндсэн хуулийг улс даяар мөрдөж эхэлснийг зарлан тунхаглах ёслол үйлдэх тухай” Монгол улсын ерөнхийлөгч П.Очирбат 1992.02.01-ний өдөр 07 тоот зарлиг гаргасныг архивын баримтанд тулгуурлан сонирхуулж байна.

Энэхүү зарлигт:

Монгол улсын Үндсэн хуулийг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагт буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлснийг нийтэд зарлан тунхаглаж нийслэл Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд төрийн шинэ бэлгэ тэмдэгийг өргөн мандуулах ёслол үйлдэж, энэ үеэр нийт аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын төвд ёслолын цуглаан хийж, ёслол үйлдэх мөчид Монгол улсын Төрийн шинэ далбааг Төрийн ордон, аймаг, хот, сум, хороо, дүүрэг, орон нутгийн хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дээр хүндэтгэлтэйгээр өргөн мандуулахыг зарлиг болгосон байна.

Мөн Монгол улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газруудад тухайн улсын цагаар мөн өдрийн 12.00 цагт Монгол улсын Төрийн шинэ далбааг өргөн мандуулахыг зарлигджээ.

Монгол улсын Төрийн шинэ далбааг өргөн мандуулах үеэр Төрийн дууллыг улс даяар эгшиглүүлж, ёслолын буудлага хийхийг үүрэг болгосон байна.  Монгол улсын түүхийн нэгэн чухал үйл явдлын гэрч болсон энэхүү үнэт баримт өдгөө Үндэсний Төв Архивын сан хөмрөгт эх хувиараа хадгалагдаж байгаа билээ.

Харин Монгол улсын шинэ үндсэн хуулийг эх хувийг /2015.01.12/ Монгол Төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залсан бөгөөд долоо хоногийн хугацаанд байршуулж, иргэд олон нийтэд үзүүлэх аж.

 

Ами

Olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button