НИТХ-ын 45 төлөөлөгч 2015 онд 2.7 тэрбумыг үрэн таран хийхээр шийдэв

Улаанбаатар хотын Хурал нь 1989 оноос гүйцэтгэх засаглалаасаа тусгаарлан бие дааж дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчидтэй болсон байдаг. Одоо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь 45 төлөөлөгч, 11 Тэргүүлэгчтэй, орон тооны дарга, нарийн бичгийн дарга, ажлын албатайгаар ажиллаж байгаа.
НИТХ-ын 45 төлөөлөгч сонгогдсон цагаасаа өнөөг хүртэл улирал тутам 10 сая төгрөгийн урамшуулал авч байгаа. Өөрөөр хэлбэл НИТХ байнгын ажиллагаатай биш учраас улирлаар тооцон урамшуулал болгож сард 3.3 сая төгрөг олгодог гэсэн үг. Энэ бол Монголд хамгийн ихэд тооцогдох цалингийн нэг гэж ойлгож болно.
Дээр нь аймаг, дүүргийн ИТХ-ын бүх төлөөлөгч нар улирал бүр таван сая төгрөгийн урамшуулал авдаг. Нийслэлийн есөн дүүрэг нийтдээ 500 төлөөлөгчтэй гээд тооцвол тун дориун тоо гарна. Гэтэл өнгөрсөн оны 12 дугаар сард Улаанбаатар хотын 2015 оны төсвийг батлахдаа НИТХ-ын олонх, цөөнхийн аль аль нь энэхүү зардлаа бууруулахыг огхтон ч хүсэлгүй улайран хамгаалсаар батласан. Улаанбаатар хотын удирдлагууд, иргэдийн төлөөлөгчидтэйгөө найзан дундаа орж, ярилцаж батласан нийслэлийн ирэх оны төсвөөр НИТХ-ын төлөөлөгчид 2.7 тэрбум төгрөг авч үрэх эрхтэй болчихоод байгаа.
Ер нь ингэхэд жилдээ ядарсан улсынхаа төсвөөс 2.7 тэрбум төгрөг гаргуулан авч гадаадад хөл бөмбөгийн тэмцээн үзэж, арван хэдүүлээ зугаалж, дэлгүүр хэсэн мөнгөө үрцгээдэг НИТХ-ын төлөөлөгч нэртэй 45 хүн юу хийж, хэний татварын мөнгөөр тансаглаж сууцгаадаг нөхөд вэ. Тэд сард алдаг оног нэгээс хоёр удаа цуглан хуралдсан болохдоо 6.7 тэрбум төгрөгийг бидний хэлж заншсан “Хогны ногоон” уутанд зориулан төсөвлөж, өнгөрсөн онд Улаанбаатар хотын ногоон байгууламжыг сайжруулах, цэцэг тарих, хот тохижуулалтад зориулсан нэрээр 5.8 тэрбум төгрөгийн тохиролцоо, наймаалцал хийсээр өнгөрүүлсэн нь нууц биш.
Өнөөдрийн НИТХ-ын төлөөлөгч дээрх 45 эрхэм 2012 оны УИХ-ын сонгуулиас дутуугүй дуулиан шуугиан, тохиролцоо, наймаалцлаар энэ суудалд заларцгаасныг Улаанбаатарчууд мартаагүй байгаа. Улаанбаатарын аль чухал хэсэгт газар эзэмших, танил талаа ашигтай тендерт ялуулах, өөрсдөө төсвийн ерөнхийлөн захирагчийн суудалд залрах гээд НИТХ- ын төлөөлөгчдийн гар хүрч, хошуу холбогддоггүй салбар бараг л байхгүй гэхэд болно. Тэдний дунд Улаанбаатар хотын захирагчийн орлогчид, дэд сайд, дүүргийн Засаг дарга нар, төрийн болон олон нийтийн өмчит томоохон компаны захирлууд, намын томилгоогоор шургалсан “нялх Сэнгүм”-үүд гээд чухам л 45 өнгө, будаг холилдож буй.
Харин тэдэнд дундын нэг л үнэн байгаа нь Улаанбаатар хотын хөгжил дэвшилд онцын ач холбогдолгүй, “хогны ногоон” уут, цэцэг, замын тендер төдийхнөөр ажил нь тодорхойлогддог энэ 45 хүн ядарсан улсынхаа төсвөөс 2015 онд салгаж авах 2.7 тэбумынхаа төлөө нэг хүн шиг хоолой нийлүүлэн “Тийм” гэсэн нь л билээ.
Ихэнх нь дарга, компанийн захирал эдгээр хүмүүсийн төсвийг тал хувиар таначихад эд нар бараг л анзаарахгүй. Бодит хэмнэлт гаргах ёстой мөнгө нь эхчүүд, хүүхдүүд, алдарт эхийн одонгийн мөнгө бус НИТХ-ын төлөөлөгч нэртэй дээрх 45 эрхмийн 2015 онд авахаар төсөвлөсөн 2.7 тэрбумаас эхлэх ёстой.
Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн системд нүүрлээд байгаа бодит хямралыг багасгахын тулд Шийдлийн Засгийн газар 2015 оны төсвийн зардлыг нэг их наяд төгрөгөөр танахаар болоод байгаа. Өнгөрсөн 2014 оны татварын орлого бүрдүүлэлт нэг их наядаар тасарсан учир эрх баригчид бодит хөрсөн дээрээ бууж зардлаа бууруулах, орлогоо нэмэгдүүлэхийн тулд тодорхой хэдэн татварыг хоёроос гурав дахин нэмэгдүүлэхээр ханцуй шамлан дайрч эхлээд байгаа.
Засгийн газраас хэд хэдэн төрлийн татварын хуульд өөрчлөлт оруулж нэмэгдүүлэхээр болоод байгаад орон сууцны татвар, авто машины татвар, бууны татвар, малын хөлийн татвар багтаад байгаа.
Эрх баригчид Хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хэнээс хэдэн төгрөг салган авч болохыг айхтар сайн тооцсон байгаа юм. Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар холхиж байгаа гурван машины нэг нь “Prius” байгааг тэд тун сүрхий анзаарчээ. Тэр ч үүднээс авто машинуудад цилиндрийнх нь багтаамжаас хамааруулж татвар ногдуулахдаа “Рrius’’-ийнхийг гурав дахин өсгөхөө мартсангүй. Товчхондоо “Prius” унадаг иргэн татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол энэ хууль батлагдсанаар 108 мянган төгрөгийн татвар төлөхөөр болоод байгаа.
Ард иргэдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэхээр яарч байгаа эрх баригчид давын өмнө өөрсдөөсөө, нийслэлээс төсөв мөнгөний хэмнэлтээ эхлүүлэх ёстой санагдана. Уг нь НИТХ-ын үйл ажиллагааны үндсэн зорилтыг “Нийслэл хотын нийгэм, эдийн засаг, хот байгуулалтын хөгжлийн ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоонд тулгуурлан ажиллах зарчмыг баримталж, хүний хөгжлийг бүх талаар хангах боломж нөхцлийг бий болгох, нийслэлд нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршино” хэмээн тодорхойлсон байдаг юм билээ.
Үнэхээр л иргэдийнхээ төлөө ажиллахаар тангараг өргөсөн юм бол давын өмнө НИТХ-ын гишүүн бүр улиралд 10 сая төгрөг, дүүргийн ИТХ-ын гишүүн улиралд таван сая жилд 20 сая төгрөг урамшуулал нэрээр цалин хангамж дээрээ нэмж авч байгаа өнөөдрийн гажуудлыг даруйхан үгүй болгох ёстой. Тэдний унаж байгаа Лексус 570, Ланд-200, Лексус 470-ын шатахууны зардал дунджаар нэг сая 500 мянга, жолоочийн цалин 800 мянга, өөрийнх нь цалин хангамжтайгаа нийлээд 3-4 сая төгрөг гэж тооцвол ямар ч баялаг бүтээдэггүй тэдний хувьд жинхэнэ цамаан, үрэлгэн зардал юм. Тэдний энэ тансаглалыг танаж хасахаас ажлаа эхлэх цаг болжээ. НИТХ-ын дарга, ноён Д.Баттулга аа.
Д.Энхтүвшин