Соёл, гэгээрэл, хүмүүжил бэлэглэдэг драмын театрынхан

Урлаг хүнд гоо сайхны таашаал олгож, сэтгэл оюуныг сэргээж, үгээр өгүүлшгүй утга санааг ой тойнд шингээж чаддагаараа гайхамшигтай.  Хүн урлаг ойлгохгүй бол харанхуй бүрэнхий нүхэнд унасан лугаа байна биз ээ.  Бидэнд энэ сайхан гэрэл гэгээ, учир утгыг ойлгуулдаг хүмүүс бол яах аргагүй жүжигчид. Тэртусмаа Улсын драмын эрдмийн театрынхан гэж хэлэхэд хилсдэхгүй. Ер нь Монголчууд эртнээс театр урлагийн өндөр мэдрэмжтэй улс.

 

Бөмбөгөр ногооноос эхлэлтэй Улсын драмын эрдмийн театрынхан

Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”,  “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн байна. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагджээ.

Орчин үеийн мэргэжлийн театрыг байгуулахын тулд ОХУ-аас театрын найруулагч, багш, зураач, хөгжмийн зохиолчдыг урьж жилийн хугацаатай курс нээн ажиллуулсны үр дүнд С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа нээсэн түүхтэй.

 

Тус театрыг бөмбөгөр ногоон гэдгээр нь ахмадууд андахгүй. Бөмбөгөр ногоон хэмээгдэж байсан Монголын анхны төв театрын Бөмбөгөр ногоон буюу Улсын төв театрын анхны уран бүтээлчид нь сургагч А.Ефремов, найруулагч Цэцний Гомбожав, зохиолч Д.Намдаг, Ши.Аюуш, Д.Нацагдорж, С.Буяннэмэх, жүжигчин Ё.Шаравдоо, Лувсансодном, Дамдинбазар, Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам зэрэг уран бүтээлчид их театрын тулгын чулууг тавилцаж, галыг нь манаж ирсэн түүхтэй. Хамгийн анх театрын тайзнаа тавигдсан “Үнэн” жүжиг  үг цөөтэй, дохиогоор ихэвчлэн ярьдаг, тайз заслын хувьд ч тоймчилсон байв. Гэсэн боловч Ц.Гомбожав, Д.Намдаг, Шаравдоо, Ч.Лувсансодном нар нэлээд бодит үнэн тайз босгосон байжээ.  Тус жүжгийн дараагаас “Энэ ямар ёс вэ?”, “Шөнийн буг”, “Харанхуй засаг”, “Би биш”, “Харц Дамдин хатан Долгор”, “Учиртай гурван толгой”, “Сүрэг чоно” зэрэг уран бүтээлүүдийг үзэгч олондоо толилуулж эхлэв.  

Ийнхүү тавигдсан жүжиг бүр амжилттай, хүн ардыг соён гэгээрүүлэх үйлсэд өндөр хувь оруулж байсан учир Улсын төв театрын таван  жилийн ойн баярыг тохиолдуулан 1935 онд театрын улсын байгууллагуудаас анх удаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одон” тэмдгээр шагнасан нь театр урлагийн нэр хүндийг асар өндөрт гаргасан үйл явдал болсон юм.  Ардын цэнгэлдэх буюу Бөмбөгөр ногоон театраас төрсөн алтан үеийнхэн гэгдэх жүжигчид тухайн үедээ од байжээ.

 

Энэ цагаас хойш Монголын театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хэд хэдэн үе өсөж өндийн хаана ч, хэзээ ч давтагдашгүй түүхийн баялаг өв уламжлалаа хойч үедээ үлдээж уран бүтээлээ туурвиж байна.

Өнөөдрийн байдлаар Монголдоо ганцхан байдаг мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театр 1931 онд анхлан үүсэн байгуулагдсан цагаас хойш өдгөө 84 дахь үзвэрийн жилтэйгээ золгоод байгаа юм.

 

Шинэ зууны шинэ үеийн шинэлэг сэтгэлгээтэй  уран бүтээл төрж байна

 

Улсын драмын эрдмийн театр гэхээр хүн бүрийн нүдэнд театр урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам нүднээ харагдаж байгаа биз ээ. Хамгийн олон муза авсан шилдэг жүжигчдийн цуглуулга бол яах аргагүй Улсын драмын эрдмийн театр юм.  Тус театрын урын санд түүх хувьсгалын болон орчин үеийн гэх мэтчлэн төрөл бүрийн үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүд хүндтэй байрыг эзэлж байдаг бөгөөд үндэсний болон гадаадын зохиолчдын уран бүтээл олон урсгал, арга барил, хэлбэр төрх, өнгө будгийг илэрхийлэн тоглогдож байдаг юм.

Тус театрын уран бүтээлчдийн санаачлага, тэдний идэвхи оролцоотойгоор монгол улсын олон аймаг хотуудад мэргэжлийн театр үүсэн бий болж өнөөг хүртэл үзэгч түмэндээ үйлчилж байдаг бөгөөд сонгодог хөгжим, дуу бүжиг, ардын болон орчин үеийн дуу бүжгийн урлагийг мэргэжлийн түвшинд хүртэл нь өсгөн бойжуулж хүүхэд залуучуудад зориулагдсан урлагийн байгууллагуудыг үүсгэн байгуулж тусгай бие даасан мэргэжлийн урлагийн байгууллага болтол нь бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж оролцдог юм. Үүний бодит баримт Дорнод, Ховд, Баян-Өлгийн театрууд, Улсын цирк, Хүүхэлдэйн театр, Хүүхэд залуучуудын театр, УДБЭТеатр зэрэг болно.

Драмын театрын гадаад харилцаа хэр өргөн хүрээтэй болохыг түүний урын сангаас, гадаадад аялан тоглосон тоглолтуудаас монголын тайзнаа ажиллаж байсан гадаадын уран бүтээлчдийн үйл ажиллагаанаас тодорхой харж болох юм.

            Тус театр нь 1933 оноос ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос зэрэг улс оронд айлчлан тоглож, олон улсын уралдаан тэмцээнд I, II  байруудыг эзэлж байсан юм. Монголын тайзнаа Орос, Хятад, Япон улсын театрын уран бүтээлчид айлчлан тоглож байсан бөгөөд ОХУ-ын Буриад, Халимаг зэрэг улсын театруудтай байнгын харилцаатай хамтран ажиллаж байдаг билээ.

Манай уран бүтээлчидтэй Орос, Хятад, Англи, Франц, Солонгос, Швед, Литва, Серби, Харвотын багш уран бүтээлчид ирж ажиллаж байсан бөгөөд театрын урын санд Софокл, У.Шекспир, Ж.Б.Мольер, К.Гольдони, Н.Гоголь, А.П.Чехов, А.Островский, Хуа Финь, И.Тыл, П.Аборахамас, Б.Брехт, А.Папаян, П.Панчев, А.Брента, Р.Тагүр, И.Жаммак, Г.Лорка, Ж.П.Сартр, О.Нил, А.Чейз, Г.Уильямс, Г.Габбе, Т.Вертенбейкер, А.Грин, Г.Ибсен, К.Манье, В.Хюго, Д.Намдаг, Ч.Лодойдамба, Д.Мягмар, Ч.Чимид, Д.Батбаяр, С.Жаргалсайхан, Б.Лхагвасүрэн, Ц.Балдорж, Ш.Гүрбазар зэрэг зохиолчдын 400 гаруй сор бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа  жилээс жилд шинэ уран бүтээлээр баяжуулж бүтээн туурвисаар байна.

Өөрчлөн байгуулалтын их шуурга нийгмийг бүхэлд нь давалгаалуулж байсан 90-ээд он улирч хүн төрөлхтөн шинэ мянган, шинэ зуунтай золгов. Шинэ зууны шинэ үеийн хэн шинэлэг сэтгэлгээгээр уран бүтээлээ хийх урам зоригоор дүүрэн үе. Театрын шинэ залуу уран бүтээлчид “Цахлай”, “Тамгагүй төр”, “Нууц амраг чинь болъё”, “”Нүцгэн дурлал”, “Мануухай”, “Хаан түүх”, “Ээжээ”, “Атга нөж”, “Парисын дарь эхийн сүм”, “Оролмаа”, “Ану хатан”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет” гээд дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлүүдээ шил дараалан үзэгч олондоо толилуулж, театрын зүг алхах үзэгчдийн сэтгэлийг даллан дуудсаар байна. Тэртээх 80 жилийн их түүхийг залгамжлан, их театрын үйл хэргийг нуруундаа үүрч явсан үе үеийн нийт уран бүтээлчид бид Их урлагтаа үнэнчээр зүтгэн, үзэгч олныхоо оюуны мэлмий, сэтгэлийн галыг сэргээх үйлсдээ урам зориг дүүрэн алхаж явна.

 Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button