АН-ын гишүүд өөрсдөө санаачилсан хүүхдийн мөнгийг хасах тухай ярьсандаа эмзэглэжээ

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойшхи хуралдаанаараа Монгол Улсын сайд М.Энхсайханы Тавантолгой төслийн хэлэлцээрийн талаарх мэдээллийг сонсож, зарим асуудлыг хэлэлцсэн байна. Гэвч энэ талаар албан ёсоор мэдээлэл хийсэнгүй.
Ямартай ч Ардчилсан нам Гүйцэтгэх зөвлөлөө шинээр сонгох тухай асуудлыг Ардчилсан намын дарга З.Энхболд гишүүддээ танилцуулсан аж. Гүйцэтгэх зөвлөлд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг бүгдийг багтаах, мөн намын төв аппарат дахь гол хүмүүсээ оролцуулах саналтай буйгаа илэрхийлснийг бүлгийн гишүүд нь дэмжсэн ажээ.
Одоогийн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлд аймгийн намын хороодын удирдлага, гишүүд байдаг. Мөн бүлгээр Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх хүрээнд ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакей ахалж, таван гишүүнийг багтаажээ. Төсвийн тодотголыг
хэлэлцэх хүрээнд бүлгийн гишүүд “Эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгө хасах асуудлыг Засгийн газар оруулж ирсэн нь нийгэмд буруу ойлголт төрүүллээ. Хүүхдийн мөнгийг Ардчилсан нам санаачилсан байтлаа эргээд хасах тухай ярьж байгаа нь шүүмжлэл дагуулж байна” гэсэн асуудал хөндөгдсөн бол зорилтот хэсэгт хүүхдийн мөнгө хүргэх нь зөв гэж үзэх гишүүн ч байжээ.