Эмч, багш нар дахин хэзээ гудамжинд гарах вэ?

Шинэ он гараад хоёр долоо хоног болж байна. Харин энэ өдрүүдэд улс төр нийгмийн амьдрал жинхэнэ буцалж байна гэж хэлж болохоор байна. Засгийн газар, УИХ-иас ээлж  дараалсан томоохон шийдвэрүүдийг гаргаж тэрийг нь  эсэргүүцэх иргэдийн эсэргүүцэл ч нэмэгдлээ. Тодруулбал шинэ оны анхны жагсаал цуглааныг манай  сэхээтнүүд эхлүүллээ.

Ер нь сүүлийн үед нийгмийн сэхээтэн давхаргынхан ажил төрлөө умартан гудамжинд гарч Засгийн шийдвэрийг эсэргүүцдэг болоод байгаа. Өнгөрсөн оны сүүлийн өдөр Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэхийг эсэргүүцсэн эрдэмтэд “Шинжлэх ухаанаа аваръя” жагсаалыг хийсэн. Уг нь дэлхийн  өндөр хөгжилтэй улсуудын жишигт их сургуулиуд нь хүрээлэнгүүдтэй нэгдсэн байдаг билээ. Ингэснээр онол практик хослуулан шинэ шинэ нээлтүүдийг хийж чаддаг. Гэвч манайхан аль эртний хэдэн 10 жилийн өмнөх нөхцөл байдалтайгаа байх гэсэндээ Засгийн шийдвэрийг эсэргүүцэн  жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нь тун ч харамсалтай.

За энэ ч яах вэ. Тэртээ тэргүй хүрээлэнгүүдийн хувьд тийм ч их оволзсон их ажилтай байдаггүй нь ойлгомжтой. Гэтэл нийгмийн хамгийн чухал хоёр салбарын ажилтнууд ажил төрлөө умартан олон мянгаараа төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал өрнүүлэн улс төржиж байгаа нь олон  хүнд тийм ч таатай санагдахгүй нь мэдээж. Өнгөрсөн баасан гаригт эмч багш нар Чингисийн талбай  дээр цалингаа нэмэгдүүлнэ хэмээн сурагч шавь нараа,  өвчтөнүүдээ орхиод санд мэнд гүйж ирэн жагслаа. Тэдний тавьж буй шаардлага цалингаа 60 хүртэлх хувиар нэмэгдүүлэх аж.

Жагсаалд оролцогчид “Эмч  багш нар дунджаар 500 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ мөнгө бидний амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй, өрөө төлж дийлэхгүйд хүрээд байгаа юм. Эдийн засаг хямарсан хэмнэлт хэрэгтэй гэж байгаа ч бид ямар өлсөж үхэлтэй биш дээ. Ойрын хугацаанд цалингаа 60 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хэрэв бидний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхгүй бол цаашид тэмцсээр байх болно. Өнгөрсөн жилийн төсөвт бидний цалинг нэмэхээр 500 тэрбум төгрөг төсөвлөсөн ч тэр мөнгө юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байгаа гэсэн” юм.

Иргэд, олон нийтийн зүгээс эдийн засаг хямарч, 905 тэрбум төгрөгийг танахаар Засгийн газраас шийдэж, төрийн албан хаагчдыг 15 хувиар цомхотгох гэж буй  энэ үед ийнхүү цалин нэмэхийг шаардах нь цагаа олоогүй эсэргүүцэл гэж үзэж байгаа юм. Энэ асуудалд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Урьд өмнө нь ард иргэдийн нийгмийн асуудлыг орхигдуулсан улсын төсөв хэзээ ч батлагдаж байгаагүй. Иргэдийн амьдрал улам хүндэрч байгаа энэ үед цалинг нэмэхээс өөр зөв шийдэл байхгүй юм. Иймээс цалин нэмэх асуудалд манай холбоо онцгой анхаарал хандуулж ажиллах болно" гэх байр суурийг илэрхийлсэн.

Уг нь жагсаалд оролцогчид нийгмийн сэхээтэн хэсэг нь. Мэргэжил, мэдлэг гээд аль ч талаараа аливаа зүйлийн наадах цаадхыг мэдэхтэйгээ хүмүүс. Товчхондоо бол багш, эмч нар улс орны нөхцөл байдал хүнд байгааг мэдэхийн дээдээр мэдэж буй. Гэвч тэдэнд цалингаа нэмүүлэх амин хувийн үзлээс өөр юу ч алга. Нэг үгээр хэлбэл ухамсрын доройтолд орсон сэхээтэн нэртнүүд.

Шийдлийн Засгийн газар байдлыг улам хүндрүүлэхгүйн тулд зарим нэг хэмнэлтийг хийхээр болсон. Ингэхдээ багш, эмч нарын цалинг энэ онд нэмэхгүй гэв. Өөрөөр хэлбэл одоо авч байгаа цалингаараа амьдралаа залгуулж байгаарай гэсэн хэрэг. Хална, солино, цомхотгоно гэж хатуурхаагүй. Гэвч үүнийг ойлгох ухаан, ухамсар тэр сэхээтнүүдэд алга. Тиймээс ч гудамжинд гарч, орилж бархирах гэнэ. Улс орны нөхцөл байдал хүнд хэцүү байна, боломж боломжоороо аргалъя гэсэн учирлалыг ч үл тоомсорлов.

Тэд өөрсдийнх нь  тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ хэлж байсан юм. Тэгэхээр нэгэнт цалин нэмэх ямар ч боломжгүй гэдгээ мэдэгдсэн тул Засгийн газар тэдний шаардлагыг биелүүлж чадахгүй нь ойлгомжтой. Тэгвэл тэд дахиад л сурагч шавь нар болоод өвчтөнүүдээ хаяад нэг л өдөр ажил хаялт зарлах байлгүй. Тэр  өдөр нь хэзээ юм бол доо хэмээн иргэд санаа зовинон ярьж байна.

Мэдээж улс орны нөхцөлд байдал хүндэрсэнд эмч, багш нар буруугүй. Нэгэнт үүссэн нөхцөл байдлаас буруутан хайгаад ч нэмэргүй. Харин хүнд байдлаас гарахын тулд хамтдаа хичээвэл үр дүн ойртох ч юм билүү.

Б.Сансартуяа

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button