Б.Мягмар: Хувьчлал тодорхой салбарт байж болно. Гэхдээ эрүүл мэндийн салбарт биш
Нийслэлийн өмчийн харилцааны газраас 19 байгууллагыг хувьчлахаар яригдаж байгаа. Эдгээрийн ихэнх нь эмнэлгийн зориулалтаар баригдсан барилга байгаа юм. Өнөөдөр эмнэлгийн хүртээмж муу байхад эмнэлгийн барилгуудыг хувьчлах гэж байгаа нь буруу хэмээн буруушааж байгаа хүмүүс их. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ байдлыг эсэргүүцэж “Эмнэлгийн барилга илүүдэхгүй” гэсэн хэвлэлийн бага хурлыг хийсэн. Ингээд энэ талаар Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Мягмараас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн өмчийн харилцааны газраас 21 байгууллагыг дуудлага худалдаагаар хувьчлах санал оруулсан гэлээ. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагаас хэдэн барилга хувьчлалд өртөх дээрээ тулчихав?
-“Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”, “Ионсей найрамдал” эмнэлэг болон дүүргүүдийн өрхийн эмнэлгүүдийн хуучин барилгууд гэхчлэн 14 эрүүл мэндийн байгууллага хувьчлалд хамрагдах гэж байна.
-Уг нь шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилгыг актлаад оронд нь эмнэлэг барина гэж байсан биз дээ?
– Тийм ээ. Тус төвийг хоёр жилийн өмнө акталж 12 давхар шинэ барилга барьж, тодорхой давхруудад нь эмнэлэг оруулахаар шийдвэрлэсэн юм. Харин эмнэлгийн ажилтнууд аппарат тоног төхөөрөмжүүдтэйгээ түрээсийн байраар хэсээд удаж байна. Ингэснээр улсын төсвөөс сард 22 саяыг түрээсийн төлбөрт, цахилгааны төлбөрт 700 мянга гаруй төгрөг зарцуулж байна. Энэ нь бага мөнгө биш. Гэтэл 12 давхар барилга барих нь битгий хэл хувьд шилжүүлж, худалд гэх юм. Энэ эмнэлгээр үйлчлүүлдэг олон иргэн бий. Байгаа өмчөө хадгалж өргөжүүлэхийн оронд энэ мэтээр зараад идчихээр иргэд, ажилчид яах вэ. Үнэндээ Монгол Улсад эмнэлгийн барилга дутагдалтай байна уу гэхээс илүүдээгүй.
-Өнгөрсөн жил эмнэлгийн бас нэлээд барилгыг хувьчилсан санагдах юм?
-Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн нэлээд хэдэн барилгыг хувьчилсан. Тухайлбал, сүрьеэгийн диспансер, ясны сүрьеэ, уушгины сүрьеэгийн эмнэлэг, сэтгэц мэдрэлийн больница, Анагаахын дунд сургуулийн барилга хувьд очсон. Үүний уршгаар Сэтгэц мэдрэлийн эмнэлэг ийм өвчтэй хүмүүсээ багтааж шингээж чадахгүйд хүрээд өргөтгөл барьсан.
ХӨСҮТ-д сүрьеэтэй хүмүүс бусад халдварт өвчтэй үйлчлүүлэгчтэй хамт хэвтэн эмчлүүлж байна. Хуучин тусгаарладаг байсан олон улсын стандарт одоо мөрдөгдөхөө больсон. Үүнээс болоод сүрьеэгээр хоёр ч эмч нас барчихаад байна. Зориулалтын барилга байгууламж байхгүйгээс эмч нар хүртэл өөрсдөө өвдөж эхэллээ. Өдгөө эмнэлгийн барилга нэмж барих, өргөтгөх асуудлыг ярина уу гэхээс байгаа юмаа үгүй хийж, үнэгүйдүүлж, газрыг зарах гэж буйг үйлдвэрчний эвлэлийнхэн эрс эсэргүүцнэ. Тууштай тэмцэнэ. Бид барилга байшин барьж өг гэж эсэргүүцээгүй. Байгаа юмаа зориулалтаар нь ашиглаасай гэж хүсэж байна.
Нийслэлийн зарим удирдлага энэ төвөөр амьжиргаа доогуур иргэд үйлчлүүлдэг учраас хотын захад байлгана, эсвэл “Хангарьд” ордны ойролцоо түгжрэл ихтэй учраас дарга нарын тансаг машинаа байрлуулах авто гарааш болгоно гэх яриа гарсныг эмч ажилтнууд эсэргүүцсэн. Тэрчлэн холбогдох хүмүүстэй уулзаж “Эмнэлэг хэвээр нь байлгана” гэх хариултыг авч байсан удаатай. Гэтэл энэ асуудал дахин сөхөгдлөө. Энэ удаа бид эрчимтэй тэмцэх болно.
– Ер нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг хэр олон вэ?
-Наад зах нь гэхэд гэмтлийн эмнэлгийн салбар байна. Мөн хөдөө орон нутгуудад олон бий. Одоогоор нарийн тоо гараагүй. Нийслэлийн зарим удирдлага энэ төвөөр амьжиргаа доогуур иргэд үйлчлүүлдэг учраас хотын захад байлгана, эсвэл “Хангарьд” ордны ойролцоо түгжрэл ихтэй учраас дарга нарын тансаг машинаа байрлуулах авто гарааш болгоно гэх яриа гарсныг эмч ажилтнууд эсэргүүцсэн. Тэрчлэн холбогдох хүмүүстэй уулзаж “Эмнэлэг хэвээр нь байлгана” гэх хариултыг авч байсан удаатай. Гэтэл энэ асуудал дахин сөхөгдлөө. Энэ удаа бид эрчимтэй тэмцэх болно.
-Хувьчлах асуудлыг эмнэлгийн салбарынханд урьдчилж мэдэгдсэн үү. Эсвэл гэнэтийн шийдвэрээр шийдчихэв үү?
-Мэдэгдээгүй. “Шүд эрүү нүүрний төв”-ийн дарга, эрхлэгч хэн нь ч мэдээгүй. НИТХ- аас ямар нэг мэдэгдэл өгөөгүй. Албан бус сурвалжаас сонсч үнэн болохыг мэдсэн. Манай байгууллага ард түмэн улс эх орныхоо төлөө ажилладаг. Төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг. Шүдний эмч бэлтгэдэг бааз эмнэлэг төдийгүй, хувийн шүдний эмнэлгийн үнэ талийсан өнөө үед Эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлдэг цорын ганц төв. Тиймээс хотын удирдлагуудад хандаж хэлэхэд, “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн барилгыг хувьчлах жагсаалтаас хасч, 2015 онд багтааж шинэ барилгын ажлыг эхлүүлээсэй” гэж хүсч байна.
-Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилгыг хувьчлах болсон шалтгаан нь юу юм бол?
-Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвөөр голдуу өрх толгойлсон янз бүрийн зээлтэй, худалдан авах чадвар багатай иргэд үйлчлүүлдэг. Энгийн иргэд үйлчлүүлдэг энэ эмнэлгийг төр хадгалж хамгаалах ёстой. Хамгийн гол нь энэ төв А зэрэглэлийн газарт байгаа болохоор газарт нь шунаад хувьчлахаар оролдож байна гэж бодож байгаа. Үүнээс өөрөөр ойлгох арга алга. Энэ төв өөр газарт байсан бол хувьчлахгүй байсан байх. Сайд нар болохоор хотын төвд, ядарсан иргэд хотын захад эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ёстой юм гэж үү.
Шүд эрүү нүүр амны эмгэг судлалын төв хотын төвд байгаагаараа иргэдэд олон давуу талтай. Адаглаад л бүх дүүргээс бага зардлаар буюу нэг автобусаар ирж очно. Энэ төв шүдний эмч, мэргэжилтнүүд бэлтгэдэг бааз эмнэлэг. Гэтэл дүүргүүдийн шүдний тасаг руу хуваарилна гэж зарим эх сурвалж ярьж байна. Өнөөдөр дүүргийн эмнэлгийн шүдний кабинетууд ямар байгаа билээ дээ. Үнэндээ шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв ачааллаа дийлдэггүй. Уртасгасан цагаар эмч нар нь ээлжээр ажилладаг. 75 эмч ажилтантай. Өдөрт 300-400, жилдээ 100 мянга гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийг тараана нураана гэж байж болмооргүй юм. Тус эмнэлэгт шүдээ эмчлүүлэх гэсэн хүмүүсийн дараалал дөрөвдүгээр сар хүртэл гарсан байсан.
Гэтэл одоо байрлаж байгаа Смарт төвийн барилга нь эмнэлгийн зориулалттай биш. Доторхыг нь зассан ч стандартын бус жижиг өрөөнд олон шүдний эмч ажиллаж байна. Тав тухгүй, бачимдсан, зай талбай багатай өрөөнд олон эмч маш их стресстэй ажиллаж байгаа. Үнэндээ хувьчлал тодорхой салбарт байж болно. Гэхдээ эрүүл мэндийн салбарт биш. Энэ салбар төрийн онцгой хамгаалалтад байх ёстой.
olloo.mn