Оросын эсрэг хориг арга хэмжээ үр дүнд хүрсэн үү?
Өрнө дахины зүгээс Оросын эсрэг хориг арга хэмжээ аваад жил боллоо. Украйны хэрэг явдалтай холбоотойгоор Оросыг буулт хийлгэх зорилгоор энэ бүх хориг арга хэмжээг авсан. Хориг арга хэмжээг ахиад жилээр сунгасан тул эцсийн үр дүнгийн талаар ярихад эрт. Тиймээс ямартай ч жилийн хугацаанд хориг арга хэмжээ ямар үр дүнд хүрсэн талаар “Deutsche welle” шинжээчдээс асуусан байна.
2014 оны 3-р сарын 17-нд Европын холбоо, АНУ, Канад хамтран өөрийн нутаг руу Оросын болон Украйны зарим иргэдийг орохыг хориглон, тэдний гадаад дансыг түр хааснаар Оросын эсрэг хориг арга хэмжээ эхэлсэн байдаг. Хориг арга хэмжээ авснаар Оросын эдийн засгийг хүнд байдалд оруулах замаар улс төр, эдийн засгийн элит болон ард олны дургүйцлийг хүргэж, Крымийг эргүүлэн өгүүлэх, Украйны зүүн нутагт салан тусгаарлагчдыг дэмжихийг зогсоох зорилготой байсан.
Шинжээчид хориг арга хэмжээ авсан хэдий ч Оросын бизнесийн элитүүд, ард олон Путиныг дэмжсэн хэвээр гэдгийг онцолж. Хүмүүс олноороо Путиныг эсэргүүцэн жагссан зүйл огт байхгүй. Харин ч эсрэгээр Оросын эрх баригчдын рейтинг байр суурь улам бэхжиж, олны дунд Өрнөдийн эсрэг үзэл газар авсан. Оросын иргэд Крымийг нэгтгэснийг эсэргүүцэх бус харин ч эергээр хүлээн авч дийлэнхдээ дэмжсэн.
Эдийн засгийн хувьд Өрнөдийн авсан хориг арга хэмжээ Орост хүндхэн туссан ч голлох үүрэг гүйцэтгээгүй. Оросын эдийн засгийг зогсонги байдалд ороход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн зүйл нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн уналт байсан.
Орос Крымийг эргүүлж өгөөгүй төдийгүй Украйны зүүн нутагт үзүүлэх салан тусгаарлагчдад үзүүлэх дэмжлэгээ зогсоогоогүй. Орос чих зөөлрөөгүй, гадаад бодлогоо өөрчлөөгүй.
Гэхдээ хориг арга хэмжээний үр дүнд Өрнө дахин Орост итгэхгүй байгаа гэдгээ дэлхий нийтэд харуулж бусдад анхааруулга өгсөн, Өрнөдийн олон нийт дийлэнхдээ Оросын гадаад бодлогыг шүүмжилсэн байр суурьтай болсон.