Ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш болно
Монголын Оюун Ухааны академиас санаачлан жил бүр зохион байгуулж буй ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 5 дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт энэ сарын 20-ны Баасан гарагт Монгол Япон төв дээр болно. Тус тэмцээнд нийт 120 тамирчид бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх бөгөөд шалгарсан 50 тамирчин 4 дүгээр сарын 4-нд эцсийн шалгаруулалтад оролцож аваргуудаа тодруулна.
Энэхүү тэмцээний зорилго нь Монголын оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах, хүн бүр оюуны чадамжийг дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах юм.
Улсын аваргын тэмцээн нь нэр-царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ.
Тэмцээний ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч Мөнхийн үсэг ХХК, Rapid Development Group, Төгс Эрдэм сан оролцох ба мэдээллийн ивээн тэтгэгчээр За телевиз, olloo.mn сайт ажиллаж байна.
Дашрамд дурдахад Монголын Оюун Ухааны академи өнгөрсөн 4 жилийн хугацаанд оюуны спортын 40 гаруй тэмцээн уралдаан дотооддоо зохион байгуулж 1500 гаруй тамирчдыг хамруулан олон улсын чанартай 30 гаруй тэмцээнд нийт 45 тамирчдыг бэлтгэн оролцуулсан ба ой тогтоолт, чээж бодолт, хурдан уншлагын олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж 349 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсан. Өнөөдөр тус байгууллага нь оюуны спортын ОУ-ын Их Мастер 1, Их Мастер 5, ОУ-ын Мастер 1-ийг төрүүлсэн амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дунд насны ангилалд дэлхийн 17 рекордын 14-ийг нь Монгол тамирчид эзэмшиж байна. Сүүлд гаргасан томоохон амжилтаас 2014 оны 12 дугаар сард БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон 23 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож 10 төрлөөр оюун ухаанаа уралдуулан авах боломжит нийт 60 медалиас 29 медалийг хүртэж 17.633 оноогоор Монголын баг 26 улсаас 2-р байрт орсон бахдам сайхан амжилтыг үзүүлсэн билээ.