Урлагийнхан татвараа үнэн зөв төлдөггүй
Сүүлийн үед ойр ойрхон л дараалсан баяр болж урлагийн баахан тоглолт болж байна. Дараалсан энэ олон баяр урлагийнхныг сайн гэгч нь санхүүжүүлдэг гээд хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу. Харин энэ хүмүүс улсад татвараа төлдөг болов уу яадаг бол гэсэн асуулт урган гарч байгаа юм. Тэднээс энэ талаар асуухад бид татварын цэнхэр дэвтрээ нээлгэчихсэн. Байнга төлдөг . Тэгээд жилийн эцэст хэдэн төгрөг төлсөн байгаагаа очиж тэмдэглүүлдэг гэсэн хариултыг өгч байлаа.
Гэхдээ тэд хэлсэн шигээ татвар төлдөг гэхэд эргэлзээтэй. Мэдээж урлагийн хүн бүрийг тоглолтоосоо хэчнээн төгрөгийн орлого олж байна, түүнээсээ хэдийг татварт төлөх вэ гэдгийг нарийн хянах хүн байхгүй.
Татвар бол улс орны оршихуйн үндэс. Улс орныг батлан хамгаалах цэрэг арми, иргэдийн аюулгүй орчинд амьдрах баталгаа хангах үүрэгтэй цагдаа, хүүхэд багачуудыг үнэ төлбөргүй сурган хүмүүжүүлэх цэцэрлэг сургууль, өвдөж хавдсаныг эмчлэх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх захиргааны болон шүүх прокурор гэх зэрэг олон зуун байгууллагын зардал, тэнд ажиллаж байгаа мянга мянган ажилчдын цалин хөлсийг гагцхүү татвар төлөгчдийн төсөвт хуримтлуулсан мөнгөөр л санхүүжүүлдэг.
… Урлагийнхны хэчнээн төгрөгийн орлого олдгийг хянах арга байхгүй. Тиймээс тэд өөрсдөө орлогоо тодорхойлоод дүүрэг дүүрэгтээ хувь хүний орлогын албан татвар төлдөг. Өнгөрсөн жил шилдэг татвар төлөгчдөө тодруулахдаа урлагийнхнаас шилдэг татвар төлөгчийг тодруулъя гэсэн санал гаргаад шалгаруулалт явуулахад шилдэг татвар төлөгчөөр тодорчихоор уран бүтээлч байгаагүй. Хамгийн гайгүй төлдөг нь Төрийн соёрхолт дуучин Д.Болд байсан…
Урлагийнхны тоглолтыг ч татвар төлөгчид мөнгөө төлөөд үздэг. Тэгэхээр тэд ч бас татвар төлөх ёстой. Хошин урлагийнхан гэхэд л өдөр алгасахгүй шахуу тоглолт хийж байна. Нэг хүний тоглолт үзэх тасалбарын үнийг нийт суудлын тоонд, мөн тоглосон өдрийн тоонд нь үржүүлээд үзвэл нэлээд өндөр ашиг орлогын тухай энд яригдана. Харин тэд хэрхэн татвар төлдөг бол.
Дуучид шинэ жил, байгууллагын ой зэрэг баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр үе үехэн “түрийвчээ зузаалдаг” ч бас л олсон орлогоосоо улсад татвар төлдөг эсэх нь эргэлзээтэй.
Тэдний тоглолтын үнэ ханш гэж тэнгэрт хадсан. Хамгийн үнэтэй тоглолтоор Никитон хамтлаг тодроод буй. Тэд бас хэчнээн төгрөг улсдаа оруулдаг бол гэсэн асуултууд ар араасаа хөвөрч байна.
Энэ талаар татварын албанаас асуухад “Урлагийнхны хэчнээн төгрөгийн орлого олдгийг хянах арга байхгүй. Тиймээс тэд өөрсдөө орлогоо тодорхойлоод дүүрэг дүүрэгтээ хувь хүний орлогын албан татвар төлдөг. Өнгөрсөн жил шилдэг татвар төлөгчдөө тодруулахдаа урлагийнхнаас шилдэг татвар төлөгчийг тодруулъя гэсэн санал гаргаад шалгаруулалт явуулахад шилдэг татвар төлөгчөөр тодорчихоор уран бүтээлч байгаагүй. Хамгийн гайгүй төлдөг нь Төрийн соёрхолт дуучин Д.Болд байсан” гэв.
Энэ бүхнээс дүгнэж бодоход урлагийнхан орлогоо бодитой тодорхойлдоггүй бололтой. Тэгэхээр улсдаа тийм ч их орлого оруулдаггүй юм байна.
Улс орон даяар тэгш үйлчлэх ёстой татварын багц хууль эдгээр хүмүүст хэрхэн үйлчилдэг вэ гэдэгт асуудлын гол нь байгаа юм. Уран бүтээлчид татвараас нуугдаж, зайлсхийж болно, харин энэ бүхнийг илрүүлдэг хяналтын байгууллага хэрэгтэй байна. Үнэндээ урлагийнхан бусад ажилчин албан хаагчид шиг улс оронд төлөх ёстой татвараа хуулийн дагуу төлөх ёстой.
olloo.mn