Найман жил нар үзээгүйгээс айлуудын хана, шал муудаж, хөгцөрч эхэлсэн гэв

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутагт  хуучны 4-н давхар орон сууцнууд их байдаг. Улаанбаатар хотод зам, харгуй, хүүхдийн толгоомын талбай нь эвдэгдээгүй цөөхөн газруудын нэг нь энэ байх. Тэр чинээгээр энд тайван, амар амгалан уур амьсгал ноёлоно. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 13, 14, 15 дугаар байрны энэ орчимд МАК-ын болоод зөвшөөрөлгүй баригдсан 12 давхар зочид буудлын барилгаас өөр өндөр барилга байхгүй гэлтэй.

Анх 2002 онд Нийслэлийн Засаг дарга М.Энхболдоос “Адоре пропертиз” ХХК-ийн нэр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутагт газар авчээ. Тухайн үед 490 м.кв газрын зөвшөөрлийг олгосон байдаг ч 2004 онд уг газрын хэмжээг нэмэгдүүлж нийтдээ 1320 м.кв-т талбай бүхий газрын зөвшөөрлийг бусдад худалдсан байдаг аж.

Улмаар худалдаж авсан иргэн өөрийн эзэмшлийн газар дээр “G.M.V” гэх нэртэй зочид буудлын 12 давхар барилгыг эхлүүлсэн байна. Энэ үед 14, 15 дугаар байрны амар амгалан байдал алдагдаж, барилга барих чимээгээр солигджээ. Иргэд тухай бүрт эсэргүүцэж, нар харах эцэсгүй боллоо, амарч болохгүй байна, үдэш оройн цагаар унтуулахгүй барилгын ажил явагдаж байна гэх мэтээр гомдол гаргасаар байж.

\

Улмаар тэдний гомдол үр дүнгээ өгч 2009 онд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын үед дээрх зочид буудлын зөвшөөрлийг хүчингүй болгож, нураах шийдвэр гарсан байна. Ингэж л бараг ашиглалтад орох шахаж байсан барилгын ажил зогссон юм.

Харин зөвшөөрөлгүй баригдсан гэх барилгыг нураах ажилд хотын удирдлагууд нэг их анхаарал хандуулсангүй бололтой юм. Хотын мээр Хан-Уул дүүргийн Засаг даргад барилгыг нураах үүрэг өгсөн боловч энэ нь ажил хэрэг болж чадсангүй. Хан-Уул дүүргийн Засаг дарга 2011 онд дээрх барилгыг дахин нураах захирамж гаргасан ч мөн л ажил болж чадаагүй байна. Харин Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга болмогцоо энэхүү барилгыг нураана хэмээн мэдэгдэж байсан бөгөөд 2015 онд зөвшөөрөлгүй барилгыг нураах ажил эхэллээ. Гэхдээ 14, 15 дугаар байрны дундах хоёр давхар өргөтгөлийн барилгыг нураахаас ажлаа эхлүүлээд байгаа юм.  

\

\

Ийнхүү зургаан жил гаруй хугацаанд турш чимээ аниргүй байсан хуучин хороололд дахин өрмийн дуу тачигнаж эхэллээ. Энэ удаад иргэдийн хүсэлтээр зөвшөөрөлгүй барилгыг нурааж байгаа нь энэ юм. Өрмийн түжигнэх чимээ чихэнд тээртэй. Гэвч оршин суугчид хүлээцтэй хандаж байна.

Хоёр давхар өргөтгөлийн барилгыг нураах ажлыг “Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. Өнөөдөр газар дээр нь очиход хоёрдугаар давхарыг бүрэн нураасан харагдсан. Тэгэхээр өргөтгөлийн барилгыг нурааж дуусахад цөөхөн хоног үлджээ гэж ойлгож болохоор байна. 

Гадаа салхилж байсан ахмад оршин суугчдаас барилга нураах ажил тээртэй байгаа эсэх талаар асуухад “Энэ хоёр давхар өргөтгөлийн барилга ч яахав хэд хоног түжигнээд л дуусчихна. Харин цаад 12 давхар барилгыг нураах ажил нь юу болох бол. Нэлээд хугацаа зарцуулах байх. Бидний, оршин суугчдын тэмцэл үр дүнгээ өгсөнд баяртай байна. Нар харах боломжийг өгсөн хотын удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна” гэцгээв.

 

Зочид буудлын барилга энд сүндэрлээд найман жил болж байгаа. Барилга баригдснаас хойш 14 дүгээр байрны зарим айлууд нар үзэхгүй болсон юм.  Үүнээс болоод орон сууцны зарим өрөөний хана, шал муудаж, хөгцөрч, мөөгөнцөрдөж эхэлсэн талаар ахмадууд ярьж байна. Ямартай ч тэдний олон жилийн тэмцэл өнөөдөр үр дүнгээ өгч, зөвшөөрөлгүй барилгыг нурааж, нар үзэх эрхтэй боллоо. 

\

\

Энэ үйл явдал барилгын компаниудад зөвшөөрөлгүй, хууль дүрэм зөрчсөн үйлдэл хийвэл ямар байдалд эцэстээ хүрч болохыг харуулсан томхон сургамж боллоо гэж харж байна. Гэхдээ хууль зөрчихийг зөвшөөрсөн эрх мэдэлтнүүд хариуцлагын гадна үлдэж байгаа нь харамсалтай. 

 

Нөгөө талаас зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураах нь зөв. Зөвшөөрөлгүй байсан бол баригдаж эхлэхээс нь өмнө арга хэмжээ авах ёстой байлаа. Гэвч 12 давхар бараг л ашиглалтад орох шахсан барилгыг хөрөнгө мөнгө зарлагадан байж нураах ажлыг зохион байгуулж байна.

 

Энэхүү барилгыг их хэмжээний хөрөнгө зарлагадан байж босгосон нь ойлгомжтой. Татвар төлөгчдийн мөнгө байна уу, хувийн хөрөнгө байна уу одоо хэнд ч хамаагүй асуудал болсон. Тиймээс л нураах ажлыг эрчимжүүлээд байна. Тэгвэл нураахад ч мөн ялгаагүй хөрөнгө, мөнгө зарцуулна.

 

\

\

Тэгэхээр энд нэг ийм гаргалгаа байна. Юу вэ гэвэл нэгэнтээ зөвшөөрөлгүй, нураахад асуудалгүй, араас нь татаж чангаах хүн байхгүй учраас улс, нийслэл өөрийн өмчинд авчихвал яасан юм болоо. Өөрийн өмчинд аваад нураахад зарцуулж байгаа хөрөнгөө засч, сайжруулахад зарцуулаад төрийн байгууллагуудаа оруулсан ч болохоор санагдаад байгаа юм. Учир нь төрийн ихэнх байгууллагууд өнөөдөр хувь хүний обьектод өндөр түрээс өгч үйл ажиллагаагаа явуулж байна. Жишээ нь Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд хувь хүний өмчийг түрээслэж үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Хэрвээ дээрх барилгыг нураалгүйгээр ашиглаж чадвал сар бүр өндөр түрээс төлж байгаа төрийн байгууллагуудаа энд байршуулаад төсөв хэмнэх боломжтой гэж хараад байгаа юм. 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button