ШӨХТГ цомхотгосон ажилчиддаа 38 гаруй сая төгрөгийг тэтгэмж болгон өгчээ
Монгол Улсын бүх төрийн яам, агентлагууд нэгдүгээр сарын нэгнээс эхлэн албан ёсоор шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийн хүрээнд яам, агентлагууд төсвийн худалдан авалт, зарцуулалт, тендер шалгаруулалт гэх зэрэг бүхий л төсөв, санхүүтэй холбоотой үйл ажиллагаагаа олон нийтэд ил, тод мэдээлэх үүрэг хүлээж байгаа юм. Яам, агентлагууд төсвийн гүйцэтгэл, худалдан авалт, үйл ажиллагааны зардлын мэдээллээ өдөр, долоо хоног, сар, улирлын давтамжтайгаар олон нийтэд тогтмол мэдээлэх ёстой билээ. Ингэхдээ “Шилэн данс”-ны вэб сайтыг ашиглах бөгөөд санхүүгийн мэдээллээ ил тодоор мэдээлэх учиртай.
Иймээс иргэдийн эрх ашгийг хамгаалдаг цорын ганц төрийн байгууллага болох ШӨХТГ-ын санхүүгийн мэдээллийг “Шилэн данс”-аар харлаа. Тус байгууллага “цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ”-ндээ 38 сая гаруй буюу 38,244,926 төгрөгийг “бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн ажиллагсдад тэтгэмж” нэрээр гаргасан байна.
Учрыг лавлавал тус байгууллага нь өнгөрсөн хугацаанд зургаан ажилтнаа цомхотгосон байна. Угаас Засгийн газраас харъяа бүх байгууллагууддаа эдийн засгийн хэмнэлт гаргах үүднээс цомхотгол явуулахыг үүрэгдсэн. Энэ дагуу тус газар нь 42 ажилтнаасаа зургааг нь цомхотгож, дээрх тооны мөнгийг ажлаас халагдсаны тэтгэмжид өгсөн юм байна. Төрийн байгууллагын ажилтныг цомхотголд хамруулахдаа зургаан сар ажилласантэй тэнцэх хэмжээний тэтгэмж өгдөг хуультай юм.
Ер нь ШӨХТГ бол иргэдийн эрх ашгийн төлөө үйлчилдэг гэдэг утгаараа маш их ачаалалтай ажилладаг байгууллага. Иргэдээс өдөр бүр л санал гомдол байнга ирнэ. Тэр тоолонд хүрч ажиллах гэхээр хүн хүч нь хүрэлцдэггүй гэх нь бий. Гэтэл ийнхүү хүмүүсээ цомхотгож, нөхөн төлбөр хэмээн ийм хэмжээний мөнгийг Улсын данснаас гаргах нь зөв үү.
Ямартаа ч манай төсвийн байгууллага ажилчидаа их бага хэмжээгээр цомхотгож байгаа бөгөөд хүн бүрт зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж өгөн гэхээр Улсын төсвөөс хэр их хэмжээний мөнгө гарч байна вэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр энэ эдийн засгийн хэмнэлт болж чадах уу гэдэг бас асуудал шүү.
olloo.mn