Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх хугацаа тодорхойгүй байна
“Оюутолгой” компани шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлснийг Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компаниас мэдээллээ. Тус компани ТЭЗҮ-дээ таван жил тутам тодотгол хийж байх үүрэгтэй бөгөөд энэ дагуу өнгөрсөн есдүгээр сард ТУЗ-дөө танилцуулж байсан юм.
“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганболд “Хөрөнгө оруулагч талтай зөвшилцөн далд уурхайн шинэчилсэн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн. Нэмэлт судалгаан дээр түшиглэн ТЭЗҮ-ийг илүү нарийвчилсан” хэмээн саяхан хэвлэлд ярьсан байна.
Харин Хувь нийлүүлэгчдийн хоорондын маргааныг шийдсэн үед ТЭЗҮ-ийг дахин шинэчилж хүлээлгэн өгөх боломжтой гэж “Turquoise Hill Resources” мэдэгджээ. Шинэчилсэн ТЭЗҮ-д далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэх хугацааг дурдаагүй байна.
olloo.mn