Улс даяар 100, 100-н охид чуулна
Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “Монгол эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна” үндэсний хэмжээний цуврал 10 мянган эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.Тус чуулган нь өнөөдөр 15:00 цагаас Улаанбаатар хотноо Тусгаар Тогтнолын Ордны их танхимд 1000 охидын чуулганаар эхэлж, Монгол улсын 21 аймагт 100 охидын чуулганаар нэг цаг, нэгэн сэдэв, нэгэн зорилго дор чуулах юм байна.
Улаанбаатар хотноо болж буй 1000 охидын чуулганд нийслэлийн 118 ЕБС-ийн ахлах ангийн нийт 1100 орчим охид хамрагдах аж.
Энэ удаагийн чуулганд “Охид ариун бол төр ариун” сэдвээр МУБИС-ийн ахлах багш, боловсрол судлал-сурган хүмүүжүүлэх ухааны доктор Н.Цогзолмаа, “Би өөрөө Эх орон” сэдвээр ШУТИС-ийн Удирдлага, Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн багш, улс төр судлалын ухааны доктор Монголын эмэгтэй эрдэмтдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Я.Төгөлдөр нар илтгэл уншиж, хэлэлцүүлэг хийнэ.
Мөн Монголын отгон модель, “Андра модель” агентлагийн захирал Х.Бадамгэрэл болон Монголын анхны “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” Д.Цолмон нар өсвөр насныхаа авууштай болон анхаарууштай, сургамжтай дурсамжуудаа хуваалцан охидтой халуун дотно яриа өрнүүлэх юм.
Харин Үндэсний чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг гэр бүл, хамт олон, нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь Монгол эмэгтэйчүүдийн улс орондоо оруулж буй маш том хувь нэмэр, хамгийн чухал үүрэг юм гэдгийг таниулан, ухамсарлуулах юм.
Olloo.mn