Монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
2015-2016 оны хичээлийн жилд их дээд сургуульд элсэгчдийн ЭЕШ-ын эхний шалгалт өнөөдөр явагдаж байна. Тодруулбал, их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын нэг хэсэг болсон Монгол хэл, бичгийн шалгалтыг өнөөдөр орон даяар эхэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоосон бөгөөд өнөөдөр эхний шалгалтыг авч, дөрөвдүгээр сарын 25-нд дахин хэл, бичгээр шалгалт явуулах юм. Хоёр дахь шалгалтад эхний шалгалтад хангалтгүй оролцсон буюу босго оноо хүрээгүй элсэгчид хамрагдах боломжтой.
Харин өнөөдөр авч буй эхний шалгалтад ороогүй бол дөрөвдүгээр сард болох хоёр дахь шалгалтад орох боломжгүй.
Энэ жил 19293 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа бөгөөд өмнөх жилийн төгсөгчидтэй нийлээд нийт 25,000 хүн ЭЕШ өгөх тооцоо байна.
Шалгуулагчдын онлайн бүртгэл хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн ба монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 9-ний өдрөөр тасалбар болсон. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчдын суудлын хуваарийг өчигдрөөс эхлэн олгож эхэлсэн байна.