УИХ-ын даргын айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар энэ сарын 18-21-ний өдрүүдэд тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөлөө.
Айлчлалын үеэр тэрбээр БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичтэй уулзалт хийсэн. Европын холбооны гишүүн орны нэг Польш Улсын Сенатын Маршал Европын холбооны орнуудын хөрөнгө оруулагчид танай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол их байна. Хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
УИХ-ын дарга З.Энхболд, Манай хоёр орны хоорондын улс төрийн харилцаа, тэр дундаа парламент хоорондын харилцаанд манай улсын зүгээс сэтгэл хангалуун байдаг. Хоёр талын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Польшийн Сейм, Сенат, УИХ дахь Парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн өргөжүүлж буйд талархаж байна гэв.
Мөн БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой, Бүгд Найрамдах Польш Улсын Шадар сайд, Эдийн Засгийн сайд Януш Пехочиньски нартай ажил хэргийн уулзалт хийсэн.
Түүнчлэн тус улсад ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа төлөөлөлтэй уулзсан юм. Өнөөдрийн байдлаар БНПУ-д 920 монгол иргэн хууль ёсны эрхтэйгээр ажиллаж амьдарч байна.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр өнөөдөр монгол эх орноосоо гарч Польш улсад ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа элэг нэгт монголчуудынхаа төлөөлөлтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд 2012 оны сонгуулийн дараах Монгол орны нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
olloo.mn