Нийслэлд ажиллагсдын урьдчилгаа төлбөрийн талыг төр даах бол банкууд шалгуураа "зөөллөх үү"

 Манай улс “Ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдэж байна. Энэ хугацаанд уг хөтөлбөрийг биелүүлэг гол хөшүүрэг болсон байгууллагууд бол хувийн хэвшлийнхэн. Гэвч өнөөдөр төр засгаас үзүүлж байгаа зарим нэгэн үйлчилгээ хувийн хэвшилд ажиллагсдаа орхигдуулсан, төрийн албан хаагчдад зориулагдсан байх нь олон. Адаглаад л хувийн хэвшлийнхэн банкнаас зээл авлаа гэхэд төрийн албанд ажиллагсдаас бага мөнгийг өндөр хүүтэйгээр авдаг тогтолцоо бий. Мөн төр засгаас цалин хөлс нэмэх журам тогтоол гаргалаа гэхэд тэр нь зөвхөн төрийн албаны байгууллагуудад үйлчилж, хувийн хэвшлийнхэнд ямар ч хамаарал байхгүй. Өөрөөр хэлбэл төрийн албанд ажиллагсдын цалинг журмын дагуу нэмж байхад хувийн хэвшлийнхний цалин бахь байдгаараа, нэмэгддэггүй.  Одоо ч тийм л байна.

Энэ бүх хүчин зүйлүүдээс болдог уу, иргэд өнөөдөр хувийн хэвшилд бус төрийн байгууллагад ажиллах сонирхол их. Учир нь төрийн албанд ажиллахад цалин бага байж болох ч авах үйлчилгээ нь өргөн.Тэгвэл өнөөдөр дээрх жагсаалтууд дээр нэмэгдээд иргэд төрийн албаруу “зүтгэх” бас нэгэн хүчин зүйл өнөөдөр биеллээ олох гэж байна.

Учир юун гэвээс “Улаанбаатар орон сууц сан”-гаас нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад худалдан авах орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэхээр болоод буй.

Журамд заасны дагуу нийслэлийн харьяа төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажиллаж байгаа, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, худалдан авах орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлж барагдуулах чадвартай, ажил олгогчоос тухайн төрийн албан хаагчид орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг олгуулахаар шийдвэрлэсэн байх, урьдчилгаа төлбөр дутагдалтай боловч харилцагч банк, санхүүгийн байгууллагын зээл олгох бусад шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай гэнэ. Үүнд нэг их хэцүү хүнд шалгуур байхгүй.

 

Гэтэл өнөөдөр хувийн хэвшилд ажилладаг бид банкнаас найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах гэж хөлөө эргэтэл гүйгээд ч амжилтыг эс олж байна. Учир нь банкууд зээл хүсч ирж буй иргэдийн урьдчилгаа төлбөрийг хэрхэн бүрдүүлснийг хамгийн ихээр анхааран үзэж, нягталж шалгаж буй. Учир нь урьдчилгаа төлбөрөө заавал тухайн зээл авах гэж байгаа иргэн өөрөө цуглуулсан, тэгэхдээ аль нэг банканд мөнгөн хуримтлал үүсгэсэн байх. Хэрэв ямар нэг автомашин, эд хөрөнгөө зарсан бол түүнээ өөрийн гэдгийг батлах, эсвэл зээл авахаас хэдэн сарын өмнө зарж, урьдчилгаа төлбөрөө бэлдчихээд данснаас гаргаад удсан бол энэ хугацаанд урьдчилгаа мөнгөө юунд зарцуулж, хаана хадгалж, хадгалуулж байсан гэдгээ батлах гэх мэтээр урьдчилгаа төлбөр дээр “хэрэггүй гэмээр шалгуур тавьж” , иргэдийг бухимдуулж, цагийг нь үрж байна. Хэрэв орон сууцны урьдчилгаа мөнгийг аав, ээж, ах дүү нь өгсөн гэвэл “урьдчилгаа төлбөрөө нотолж чадаагүй гээд” зээлд хамруулахаас татгалздаг.

Хамгийн гол нь тухайн зээл хүсч буй иргэн урьдчилгаа төлбөрөө өөрөө бүрдүүлээгүй, түүнээ баталж чадахгүй бол зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй гэж  үзээд банкууд ипотекийн зээл олгохгүй байна.

Тэгэхээр банкуудын энэ шалгуураар бол урьдчилгаа төлбөрийн 50 хувиа даалгасан албан хаагчид зээлийнхээ эргэн төлөлтөд эрсдэл дагуулж мэдэхээр тул банкууд зээл олгох уу гэдэг эргэлзээтэй хандмаар. Тэгэхээр одоогийн шалгуураа энэ банкууд хөнгөвчлөх шаардлагатай тулгарч болох юм.  

Гэхдээ л урьдчилгаа төлбөрийн 50 хувиа төрөөр даалгаж байгаа алба хаагчид дээрх шалгуурыг “автоматаар” давж, тэр нь эрсдэлгүй зээл хүсэгчийн ангилалд мөн л “автоматаар” орохоор болж байгаа нь хувийн хэвшилд ажиллагсдын бухимдлыг төрүүлэхгүй гээд яах вэ.

Төрийн үйл хэргийг хэрэгжүүлэгч НИТХ-аас ийм журам гаргаж байгаа нь ч эгдүү хүргэж байна.

ТОСК-оос “Буянт ухаа-1” хорооллыг иргэдэд хямд үнэтэйгээр худалдаалахдаа төр болон хувийн хэвшилд ажиллагсдад квот тогтоож, олгож байсан. Энэхүү аргыг  “Улаанбаатар орон сууц сан”-гаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журамдаа яагаад оруулж болохгүй гэж.

Манай улс үндсэн хуулиараа , хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглочихсон байдаг. Гэтэл өнөөгийн удирдлагууд иргэдээ төрийн байгууллагад ажилладаг, хувьд ажилладгаар нь ялгаварлан бүр түүнээ журамжуулж, тогтоол гаргаж байгаа нь өөрсдөө хуулиа зөрчиж байгаа үйлдэл энэ бус уу. “Улаанбаатар орон сууц сан”-гаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам” гээч нь иргэдээ ялгаварласан журам мөнөөс мөн.

Хүн бүхэн үндсэн хуульдаа заасан тэгш эрхээ эдлэх хувьтай. Гэтэл энэ мэт журмаараа үндсэн хуулиа зөрчиж байгаа нь өөрсдөө хуулиа зөрсөн үйлдэл  бус уу.

 

 Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button