Олны анхаарал татсан хэргүүд юу болов
Л.Гансүхэд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна
Л.Гансүх нарын 10 холбогдогчтой "Нүүрс" хөтөлбөрийн гэх хэргийг 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоогийн байдлаар 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлж байсан.
Заримыг нь цагдан хорьсон тохиолдол ч бий. Гэвч бие нь муудсан гэх шалтгаанаар батлан даалтад гарцгааснаас хойш “Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргээс сураг тасраад байна.
Засгийн газраас "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор "Багануур" ХХК, "Эм Жи Эл Эс Би" компаниудын хооронд 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Гэвч Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нар нь "Багануур" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2012, 2013 онд нийт 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан бөгөөд эргүүлээд 2012-2014 онд иргэдэд 80 мянган төгрөгөөр зарахдаа 19.9 тэрбум төгрөг олсон байдаг талаар АТГ-аас мэдээлж байв.
Мөн Үндэсний аудитын газрын дүгнэлтээр уг мөнгийг зориулалтын бус, шаардлагагүй зүйлд зарцуулсан. "Эм Жи Эл Эс Би", "Эм Жи Эл Эс Би Ди" компаниуд "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд 4.915 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан нь тогтоогдсон. Ашгийг нь ангилж үзвэл "Эм Жи Эл Эс Би" компани 3.2 тэрбум, "Эм Жи Эл Эс Би Ди" компани 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг Үндэсний аудитын газар болон шинжээчид тогтоожээ. Харин "Багануур" ХХК шигших ангилах ажлын зардал болон нүүрсний жингийн зөрүүнээс алдагдал хүлээсэн. Одоогоор 2.8 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн гэдэг дүгнэлт гарсан байна. Хэрэгт холбогдсон хүмүүс дээрх аж ахуйн нэгжүүдийн касс, харилцах данснаас ихээхэн хэмжээний мөнгийг баримтгүйгээр авч ашигласан байх үндэслэл шалгалтын явцад тогтоогдож байна гэх мэтчилэнгийн мэдээллийг албаныхан хяналт шалгалтын явцад тогтоосон тухай мэдээлж байлаа.
Гэвч нэгэнтээ тодорхой болчихсон хэргийг өнөөдөр ч нягтлан шалгасаар байгаа нь хачирхалтай. Мөн Л.Гансүх нар эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсээр байгаа юу, үгүй юу гэдэг нь ч тодорхойгүй. Ямартай ч энэ хэрэг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах үеэр олон нийтэд цацагдсан. Тиймээс зорилгоо биелүүлсэн гэж олон нийт үзэж байна. Харин “Нүүрс” хөтөлбөрөөс хэн ашиг хүртсэн, хэн хохирсон болох нь хууль хяналтынхны “шалгаж байна” гэх мэдээллийн цаана хаалттай байсаар.
Татварын Ерөнхий газраас аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийх үеэр “Оюутолгой” компанид 130 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. Үүнийг “Оюутолгой” болон “Рио Тинто” компанийн зүгээс эсэргүүцснээр Монголд орж ирэх ёстой байсан зарим хөрөнгө оруулалтууд зогссон гэж тайлбарладаг.
Тэгвэл Татварын Ерөнхий газрын Маргаан таслах зөвлөл хуралдаж, татварын байцаагчийн тавьсан 130 сая ам.долларын актыг хүчингүй болгож 30 сая ам.долларын татварын акт тавьсан юм. Энэ талаар Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “130 сая ам.долларын татварын актыг хөрөнгө оруулагч талд хүргүүлээд байсныг 30 сая ам.доллар болгон буурууллаа” гэх утгатай мэдээллийг олон нийтэд хүргэжээ.
Харин тухайн үед Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Ганхуяг уг асуудлаар “Мэдээж хоёр талын төлөөлөл тодорхой төвшинд ойлголцолд хүрсэн гэж бодож байна. Гэхдээ аль ч улс оронд татварын хууль тусдаа байдаг. Татварын тухай хуульд заасны дагуу татварын маргааныг таслах комисс ажилласан” гэжээ.
“Оюутолгой” төслийн хоёрдахь шатыг эхлүүлэхэд татварын маргаан ихээхэн саад болоод байгааг албаныхан учирлаж байсан. Тухайлбал, "Хоёр дахь шатны уурхайн ТЭЗҮ-ийг Монголын талаас шаардахад "Рио Тинто”-ийн зүгээс татварын маргаантай асуудлыг шийдсэний дараа ТЭЗҮ-ийг хүлээлгэн өгөх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн” гэх зэрэг мэдээллүүд гарч байсан юм. Тиймээс ч “Оюутолгой”-н татварын асуудлыг тэдний талд ашигтай байхаар шийдвэрлэсэн гэж ойлгож болно.
Энэ мэдээлэлд олон нийт тийм ч таатай хандаагүй. 130 сая ам.долларыг 30 сая ам.доллар болтол бууруулна гэж байж болохгүй хэмээн хандаж байгаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар ч энэ байр суурийг хамгаалсаар байгаа. Гэвч татварын байцаагч буруу дүгнэлт гаргасан гэж үзээд хариуцлага тооцоод л өнгөрсөн бололтой юм. Мөн тухайн үед Татварын Ерөнхий газрын удирдаж байсан удирдлагууд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн болохоор энэ асуудал буцах хаяггүй болжээ гэж ойлгогдож байна. Дахин сөхөгдөхгүй ч байж мэднэ.
Манай талаас татварын асуудлыг зөөлрүүлсэн учраас “Рио Тинто”-ийн зүгээс Хоёр дахь шатны уурхайн ТЭЗҮ эхлүүлэхийг л хүлээж байна.
Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Б.Баярсайханыг 2014 оны 11 дүгээр сард хууль албадан саатуулсан. Үүнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Гэвч хууль хяналтын байгууллагынхан түүнийг хорьсон болон ямар хэрэгт холбогдсон талаарх мэдээллийг ихэд нууцалж буй юм.
Тухайн үед буюу Б.Баярсайханыг цагдан хоригдох үед зарим албан тушаалтнуудаас дараах мэдээлийг хэвлэлүүд авсан байдаг аж. ШШГЕГ-ын мэдээлснээр НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд уг саналыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дүүргийн I прокурорын газраас шүүгчид хүргүүлсэн юм байна. Ганц Д.Баярсайхан ч биш өөр нэг хүнийг түүнтэй хамт хорьсон гэнэ.
Харин ЗБГХТГ-ын мэдээлснээр “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг өөр нэг албан тушаалтны хамт эрүүгийн хэргийн сэжигтнээр цагдан хорьсон нь үнэн. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж буй болохоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалт жигдэрсэн хойно прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх боломж бий” гэхээс өөр зүйл хэлээгүй байна.
Дүүргийн I прокурорын газрынхан “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан болон тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Хэргийг нь ЗБГХТГ-т шалгаж байгаа” гэв.
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Капитрон банкны “Sunday” тооцооны төвд буутай этгээд орж дээрэм хийсэн билээ. Тодруулбал, 3 дугаар сарын 7-ны орой 20.31 цагт Капитрон банкны тооцооны төвд орсон этгээд гэнэт буу гаргаж “Байгаа мөнгөө цүнхэнд хийгээд өг” гэж сүрдүүлсэн байдаг. Банкны ажилтан касснаасаа 20 сая төгрөг цүнхэнд хийж буутай этгээдэд өгсөн байна.
Харин гэмт этгээд мөнгө авсан даруйдаа гарч зугтахад араас нь банкны хамгаалагч, теллер хоёр гудамжаар хөөсөн бөгөөд баригдах дөхөх үед цүнхтэй мөнгөө хаяад зугтсан талаар банкны ажилтан ярьжээ.
Банкнаас 100-аад метр яваад цүнхтэй мөнгөө хаяад өөрөө зугтсан байна. Тухайн үед гудамжинд хүмүүс байсан ч хариу үйлдэл үзүүлээгүй гэдэг. Харин цагдаагийн байгууллага өнгөрсөн гуравдугаар сарын 7-ноос хойш сэжигтэнг орон даяар эрэн сурвалжилж байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн хариултыг өгсөн юм.
Я.Батсуурийн цагдан хорих хугацааг сунгаснаас өөр мэдээлэлгүй байна
"Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн цагдан хорих хугацааг дахин 2 сараар сунгаад байгаа. Түүнийг АТГ-аас сэжигтнээр тооцон, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар 14 хоногийн хугацаанд цагдан хорьсон. Гэвч уг хугацааг дахин 2 сараар сунгаад байгаа юм. Я.Батсуурь нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа билээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 263.2-т зааснаар буруутган шалгаж байгаа. Тодруулбал, “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн, гадаадын хөрөнгө оруулалттай компанид 86 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмж сонгон шалгаруулалтгүй шилжүүлсэн, хувийн компаниудаар ажил гүйцэтгүүлчихээд төлбөрийг нь өгөлгүй завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээлж байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Цогтбаатар, Д.Энхтөр, Б.Чингүүн, П.Гансүх, М.Бат-Эрдэнэ, Н.Наранбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх уг хэргийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд Д.Цогтбаатар, Д.Энхтөр, П.Гансүх, Б.Чингүүн, М.Бат-Эрдэнэ нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн буюу эрүү шүүлт тулгасан гэх гэмт хэргийг нотлогдоогүй гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Энхтөр, П.Гансүх, Б.Чингүүн, М.Бат-Эрдэнэ нарыг цагаатгасан юм.
Харин Д.Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар 5 жил, мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял тус тус оноож, үүнээс 149.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуульд хамруулан өршөөн хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг 5 жил хорих ялаар тогтоожээ.
Түүнчлэн Н.Наранбаярыг худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэг жил хорих ял оногдуулж, дээрх ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа
Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүх Г.Буяндорж нарт холбогдох гомдлыг хэлэлцлээ.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Г.Буяндоржийг "Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн" гэх үндэслэлээр буруутгаж, 2 жил 3 сарын хорих ял шийтгэсэн юм.
Тэгвэл Давж заалдах шатны шүүх “Г.Буяндоржийг Эрүүгийн хуулийн 253.1, 111.3-аар ялласан үндэслэл нь хангалттай тогтоогдохгүй, ойлгомжгүй байна” гэж үзээд анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан байна.
Olloo.mn