Асуудал дагуулсан бас нэгэн хууль бус лиценз
Хууль бус лицензүүд газар авч байна. Улсын хэмжээнд Ашигт малтмалын Ерөнхий газраас таван жилийн турш хориотой байсан хайгуулын лиценз олголт нэгдүгээр сарын 26-наас эхэлсэн. Гэвч лиценз олголт хууль бус байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тогтоосон байдаг. Бас дугаар олголт дээр ч но гараад байгааг олон компани, аж ахуйн нэгжүүд хэлж байгаа. Учир нь тэд бүртгүүлэх гээд хамаг арга чаргаа барчихаад байгаагаа хэлдэг. Цахимаар бүртгэж байгаа гэдэг нь өнгөн харагдах үзэгдэл болохоос цаагуураа арын хаалгаар лиценз авах ёстой компаниуд аль хэдийн тодорсон байгаа гэж байгаа юм.
Эргэлзээ дагуулсан энэ асуудалтай холбоотойгоор бас нэгэн хууль бус лиценз шуугиан дагуулаад байна. Энэ бол Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт олгогдсон “Ёос” компанитай холбоотой лиценз. Учир нь энэ компани хууль бус аргаар тухайн нутгийн түүхэн дурсгалтай газруудыг онгичихоор болчихоод байгаа юм.
Асуудлыг эргэн сануулбал Төв аймгийн Цээл сумын нутагт Хятадын хөрөнгө оруулалттай “Ёос” компани 2008 оны нэгдүгээр сарын 31-нд 8192 метр квадрат газарт хайгуулын лиценз авсныг нь тухайн үед орон нутгийн удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй байв. Учир нь тус компанийн лицензтэй энэхүү газарт “Лүнгийн энгэр” хэмээх тус сумынхны өвөг дээдсээ нутаглуулдаг оршуулгын газар болон Хүннүгийн үеийн хадны сүг бичигтэй түүхийн дурсгалт “Ихэр номгон” хэмээх уул багтсан байдаг. Мөн түүнээс холгүй орших эмчилгээний шавартай Хужиртын нуур багтаж байгаа аж. Уг нь энэ нуурын эмчилгээнд орохоор энд тэндээс олон хүн цугладаг. Тиймээс ч сумын захиргаанаас өнгөрсөн онд 35 сая төгрөгөөр гурван байшин барьж, эмчилгээ сувилгаа хийлгэхээр ирсэн холын зочдоо байрлуулахаар болсон юм.
Харин Лүнгийн энгэрт Цээл сумынхан 1924 оноос хойш өвөг дээдсээ нутаглуулж байгаа учраас энэ хавийн газрыг хөндүүлэхээс хамгийн ихээр эсэргүүцэж байгаа юм. Түүнчлэн зөвхөн Цээл сумынханд ч гэлтгүй Монгол улсын түүх соёлын өв болох “Ихэр Номгон” уулан дээр 1921 оны хувьсгалаас өмнөх үед хамаарах бурхан багшийн хөрөг, маанийн зургаан үсэг, газар усны маань, хийморийн хөрөг зэрэг үнэлж баршгүй соёлын өвүүд багтаж буй. Тиймээс ч нутгийн иргэд “манай нутаг нэлээд догшин сахиустай гэгддэг. Бурхан болоочоо хүртэл тайван нойрсуулахгүй ухаад унавал нутаг усны минь сахиус хилэгнэж ухсан хүмүүст ч ухуулсан хүмүүст ч муу юм болох вий дээ” хэмээцгээж байгаа юм.
Харин энэ бүхнийг “Ёос” компанийнхан үл тоомсорлож алтыг ухахаар шунахайрч байна. 2008 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, Уул уурхайн кадастрын газрын дарга Т.Бат-Оргил, Төв аймгийн засаг дарга Ц.Энхбатад 2008 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр 7-541 тоот бүхий албан тоотыг хүргүүлэн, Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт орших Үнэгтэй Лүн уул нэртэй газарт нийт 8192 га талбайд “Ёос” компанид хайгуулын лиценз олгох эсэхийг дэмжих үгүйг асуусан байдаг. Тэгээд 30 хоногийн дотор хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөн гэж үзэхийг мэдэгдсэн албан тоот явуулсан байдаг. Гэтэл энэ албан тоотыг авсан аймгийн Засаг дарга Ц.Энхбат ердөө долоон хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр хариу өгч, Үнэгтэй Лүн гэх газарт тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Нутгийн удирдлагууд “Ёос” компанийн энэ бүхнийг эсэргүүцэж Төв аймгийн шүүхэд гомдол гаргасан юм. Гэтэл Төв аймгийн шүүхээс гарсан шийдвэр нь “Ёос” компанийн талд гарсан байна.
Тиймээс Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Шүүхийн гадна талд нутгийн иргэд гартаа “Эцэг өвгөдийнхөө алтан шарилыг ухуулахгүй”, “Үе үеийн улаан буудайгаа тариалж амьдарцгаая”, “Цээл сум газар тариалангийн бүс нутаг” гэсэн бичиг барьж зогсжээ.
Шүүх хурал товлосон цагтаа болж, даргалагч шүүгч Б.Мөнхтуяа алх цохисноор эхлэв. Хариуцагчаар тус сумын Засаг дарга М.Ганбат, нэхэмжлэгчээр “Еос” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Өлзийбаяр болон нутгийн иргэд оролцсон юм. Ингээд шүүх бүрэлдэхүүн хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн байр суурийг сонсч, Давж заалдах шатны шүүхээс хуурамч бичиг баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй, дутуу хянан хэлэлцсэн гэдэг шалтгаанаар Анхан шатны шүүхэд шилжүүлсэн шийдвэр гаргав.
Ямартай ч аль аль талын байр суурийг хүргэе.
-Шүүх бүрэлдэхүүн хуралдаж хэргийг Анхан шатны шүүхэд шилжүүллээ. Шалтгаан нь юу байсан юм бол?
-Хуурамч бичиг баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй гэдэг шалтгаанаар Анхан шатны шүүхэд шилжүүллээ. Анх Захиргааны хэргийн XV шүүх, Цагдаагийн ерөнхий газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх, Эдийн засгийн хэлтсээс нотлох баримтыг Анхан шатны шүүхэд өгсөн байдаг. Гэвч энэ нотлох баримтыг анзааралгүй, нотлох баримтад тооцолгүйгээр Ашиг малтмалын хэрэг эрхлэх газраас гаргасан тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн байсныг хүчин төгөлдөр гэж гаргасан байсан.
-Илт хууль зөрчсөн үйлдлээ нэхэмжлэгч тал хэрхэн тайлбарладаг вэ?
-Энэ бол нүдэн дээр өрнөж буй хууль бус үйлдэл. 200 гаруй түүхтэй соёлын үнэт өвийг устгаж, нутгийн иргэдийн өвөг дээдсээ хөдөөлүүлдэг газрыг хөндөж алт ухна гэдэг байж боломгүй үзэгдэл. Үүнд цээлчүүд үнэхээр бухимдалтай хандаж байна. Шүүх засаглал үнэний талд гарах учиртай.
-Танай компанийг хууль бус бичиг баримт бүрдүүлсэн гэх юм. Уг асуудалд тодорхой хариулт өгнө үү. Жил хэдэн төгрөгийн түрээс Ашигт малтмалын газар төлдөг вэ?
-Манай компани өнгөрсөн зургаан жилийн хугацаанд жил бүр га тутамд 1,5 доллар Ашигт малтмалын газарт түрээсээ төлж байсан. Цээл сумын иргэд биднийг зөвшөөрөлгүй хайгуул хийх гээд байна гэж ойлгоод байгаа. Үнэндээ, 2008 онд Ашигт малтмалын газраас тус сумын удирдлагуудад албан бичиг хүргүүлж, саналыг нь сонсож байсан. Хуульд хайгуул хийх газрын нутгийн удирдлага Ашигт малтмалаас ирүүлсэн албан бичигт 30 хоногийн дотор хариулах ёстой байдаг. Ингэхдээ хайгуул хийхийг зөвшөөрч байна, зөвшөөрөхгүй байна гэж хариулах ёстой. Хэрэв зөвшөөрөхгүй бол ямар учраас гэдгээ тайлбарлах хэрэгтэй байдаг. Гэтэл Цээл сумын удирдлагууд ямар учраас хайгуул хийлгэхгүй гэдгээ тайлбарлаж бичээгүй байдаг.
-Танай компанийн нэр дээр тус суманд хэдэн тусгай зөвшөөрөл байгаа вэ?
-Гурван тусгай зөвшөөрөл байгаа.
-Дээрх гурван тусгай зөвшөөрлийн талбайд нутгийн иргэдийн өвөг дээдсээ хөдөөлүүлдэг газар, “Урт нэртэй хууль”-иар хамгаалагдсан газар гээд олон зүйл багтсан байна. Нутгийн иргэдийн зүгээс илт хууль бус аргаар хайгуулыг эхлүүлэх гэж байгаад бухимдалтай байна?
-Энэ дагуу тус сумын Засаг даргатай уулзаж талбайгаас хасалт хийлгэх тухай ярилцсан, санал тавьсан. Гэвч Засаг дарга үүнийг шийдвэрлэж өгөхгүй байгаа. Өөрийнх нь эрхийг хуульд заасан байгаа. Хуульд тусгай хэрэгцээ, нөөцөд авагдсан газрыг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасдаг. Үүнээс болж өөрөө буруутчихаад яваад байгаа.
-Хуурамч бичиг баримт бүрдүүлж, удаа дараа тусгай зөвшөөрлийг сунгуулсан гэдэг ямар тайлбар өгөх вэ?
-Энэ асуудлыг мэдэхгүй. “EOC” хайгуулын компанийг анх Төв аймгийн Цээл сумын Засаг дарга байсан н.Атарбаатар байгуулж байсан. Тэр хүн 2008-2014 оныг хүртэл удирддаг байсан. Харин өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Хятад хүн худалдаж авсан нь үнэн. Нутгийн иргэдийн хэлээд байгаа лицензийг хууль бусаар авсан, анхнаасаа нутгийн иргэдээс санал сонсоогүй гэх асуудлаа Б.Атарбаатараас өөрсдөө нь тодруулах хэрэгтэй гэж зөвлөе.
Ямартай ч талууд ийм байр суурьтай байна. Энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг эргэн мэдээлэх болно.
olloo.mn