Эрүүл мэндийн байгууллагаа хувьчлах нь эрүүл үзэгдэл мөн үү

Нийслэлийн өмчийн харилцааны газраас 19 объектыг хувьчлахаар болсон. Эдний ихэнх нь эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагын барилга байгаа юм. Энэ талаар өчигдөр Нийслэлийн ИТХ-аар хэлэлцээд “Гэрлэх ёслолын ордон”, нийслэлийн ЗДТГ-ын Спорт заалны барилгыг НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар өмч хувьчлалаас хасчээ.

Харин МАН-ын бүлгээс “Усан спорт сургалтын төв”, “Автобус – 3” НӨҮГ-ын барилга байгууламж, “Ионсей найрамдал” эмнэлгийн барилгыг өмч хувьчлалаас хасах санал гаргасан ч төлөөлөгчдийн олонх дэмжээгүй.  Тиймээс усан спорт сургалтын төвийг үйл ажиллагааг нь хэвээр үлдээх нөхцөлтэйгээр 40 хувийг нь  хувьчлахаар болсон. Мөн Ионсей найрамдал эмнэлгийг газрын хамт дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. 

Түүнчлэн нийслэлийн өмчид хувьчлагдах 11 өрхийн эрүүл мэндийн төвийн  барилга, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах Хандгайтын “Цэнгэг агаар” сувиллын барилгыг өмч, газартай нь хамт үнэлж дуудлага худалдаанд оруулахаар боллоо. 

Харин Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийг хувьчлах асуудлыг судалж үзэхээр болж хойшлуулжээ. 

Хаа сайгүй л эмнэлгийн хүрэлцээ муу байна. Эмнэлгийн тасагт багтахгүй коридороор дүүрэн хүн хэвтэж байхад эмнэлгийн барилгыг хувьчлахаар шуурхайлж байгаа нь юуных вэ. Энэ бүхнээс ганцхан дүгнэлт хийж болохоор. Ердөө л хувьчлах гэж байгаа барилгуудын газарт шунасан болж байна. Учир нь эдгээр барилгууд хотын хамгийн үнэ хүрэхүйц газар байрладаг. 

Тухайлбал “Ионсей найрамдал” эмнэлэг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг буюу нэг үгээр хэлбэл хотын А зэрэглэлд багтдаг. Эзэмшил газар нь 1920 м2. Эмнэлгийн зориулалттай энэ барилгыг дуудлага худалдаанд оруулж байхаар хүүхдийн эмнэлэг болгосон бол олны талархлыг хүлээх байлаа. Эсэргүүцээд байсан МАН-ын бүлгийнхэн ч дэмжээд гараа өргөөд хувьчлахаар болсон байхыг бодвол тэд хоорондоо тохироо хийсэн байх магадлал өндөр байна. 

 

Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн нэлээд хэдэн барилгыг хувьчилсан нь өнөөдөр хэцүүхэн дүр төрхтэй байгаа. Тухайлбал, сүрьеэгийн диспансер, ясны сүрьеэ, уушгины  сүрьеэгийн эмнэлэг, сэтгэц мэдрэлийн больница, Анагаахын дунд сургуулийн барилга хувьд очсон. Үүний уршгаар Сэтгэц мэдрэлийн эмнэлэг ийм өвчтэй хүмүүсээ багтааж шингээж чадахгүйд хүрээд өргөтгөл барьсан.

Эмнэлгийн барилгуудыг хувьчлахыг олон хүн эсэргүүцэж байгаа. Тиймээс Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас энэ байдлыг эсэргүүцэж “Эмнэлгийн барилга илүүдэхгүй” гэсэн хэвлэлийн бага хурлыг хийсэн. Энэ үеэр Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Мягмар “Хамгийн гол нь эдгээр барилга А зэрэглэлийн газарт байгаа болохоор газарт нь шунаад хувьчлахаар оролдож байна гэж бодож байгаа. Үүнээс өөрөөр ойлгох арга алга. Үнэндээ хувьчлал тодорхой салбарт байж болно. Гэхдээ эрүүл мэндийн салбарт биш. Энэ салбар төрийн онцгой хамгаалалтад байх ёстой.  Бид барилга байшин барьж өг гэж эсэргүүцээгүй. Байгаа юмаа зориулалтаар нь ашиглаасай гэж хүсэж байна” гэж хэлж байсан. 

Хэдийгээр эдийн засгийн хямрал нүүрлээд мөнгө босгох ажил чухал ч коридорт хэвтэж байгаа ирээдүй хойчоо бодсон шийдвэр гаргасан бол гоё харагдах байлаа, хотын удирдлагууд аа. Өнөөдөр эмнэлэг ямар их хэрэгтэй байгааг мэдэж л баймаар юм. Ямартай л эмнэлгийн хүрэлцээгүй байдлаас болоод Засгийн газрынхаа яам, агентлагийн байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглая хэмээн ярьж байхад сонсоогүй биш баймаар. 

Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн нэлээд хэдэн барилгыг хувьчилсан нь өнөөдөр хэцүүхэн дүр төрхтэй байгаа. Тухайлбал, сүрьеэгийн диспансер, ясны сүрьеэ, уушгины  сүрьеэгийн эмнэлэг, сэтгэц мэдрэлийн больница, Анагаахын дунд сургуулийн барилга хувьд очсон. Үүний уршгаар Сэтгэц мэдрэлийн эмнэлэг ийм өвчтэй хүмүүсээ багтааж шингээж чадахгүйд хүрээд өргөтгөл барьсан.

 

ХӨСҮТ-д сүрьеэтэй хүмүүс бусад халдварт өвчтэй үйлчлүүлэгчтэй хамт хэвтэн эмчлүүлж байна. Хуучин тусгаарладаг байсан олон улсын стандарт одоо мөрдөгдөхөө больсон. 

Ийм байхад эмнэлгийн барилга нэмж барих, өргөтгөх асуудлыг ярина уу гэхээс байгаа юмаа үгүй хийж, үнэгүйдүүлж, газрыг зарах гэж байгааг юу гэж ойлгох болж байна аа. 

Үнэндээ эрүүл мэндийн байгууллагаа хувьчлах гэж байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү. 

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button