Монголын компаниуд Нью-Йорк хотод чуулна
Манай улсад оруулах гадны хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жил тогтмол буурч өнгөрсөн жил хасах хувьтай гараад байгаа. Тиймээс гаднаас хөрөнгө оруулахын тулд эрх баригчид тал бүрийн арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнтэй болж чадахгүй байгаа. Тэгвэл гадны хөрөнгө оруулагчдад өөрсдийн компаниудаа танилцуулж тэндээс хөрөнгө оруулалт татахын тулд ирэх сарын 9-ны өдөр Нью-Йорк хотноо “Mongolia Investment” чуулганыг зохион байгуулахаар болжээ.
Уг чуулганд Монголоос арав орчим компани оролцохоор болоод байгаа аж. Тодруулбал Уул уурхай, газрын тос, барилга, үл хөдлөх, санхүүгийн салбарынхан, барилгын материал болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч байгууллагууд оролцох юм байна. Хөрөнгө оруулагч талаас Нью-Йоркийн Үнэт цаасны шинжээчдийн холбооны гишүүн байгууллагууд, шинжээчид оролцох аж.