​1072 хувьцаанаас сайхан мэдээ дуулдах нь

Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 05 тоот тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанид иргэн бүрийн эзэмших 1072 ширхэг хувьцааны тухай асуудлыг хөнджээ. Тиймээс ч энэ тогтоол өөрийн эрхгүй анхаарал татах болоод байгаа юм.

Өнөөдөр цахим хуудсаар нэвтэрч өөрийн регистрийн дугаараа бичээд “надад хувьцаа байгаа л юм байна” гэж тайтгарахаас өөр ид шидгүй болчихоод байгаа 1072 хувьцаанаас сайхан мэдээ сонсохыг иргэн бүр л хүсч байгаа. Гэвч үр өгөөжөө өгөх “Эрдэнэс Тавантолгой” компани нь өнгөрөгч жилүүдэд ашиг гэхээсээ алдагдал ихтэйгээ ажиллаж ирж. Тэгвэл саяхнаас “Таван толгой”-д хөрөнгө оруулах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх гэрээ хэлэлцээрийн асуудлууд яригдаж эхлээд байгаа юм.

Харин Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын хоёрдугаарт “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Таван толгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгах”-ыг зааж өгчээ. Мөн тогтоолын биелэлтийг ирэх Хаврын нэгдсэн чуулганд багтаан зохион байгуулах, Өргөдлийн байнгын хороонд буцаж тайлагдахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт даалгасан байна. 

\

Өргөдлийн байнгын хорооны өгсөн үүрэг даалгаврын дагуу Засгийн газар ажиллаж, “Тавантолгой” төслийн хэлэлцээрт иргэдийн хувьцааны асуудлыг нарийн тусгаж өгч чадвал тун удахгүй сайхан мэдээ дуулах нь. Тусгаж чадаагүй ч ирэх хаврын чуулганаар сураггүй болсон хувьцаанаас ямар нэг чиг сонсогдох боломжтой болж байна.

Монголын бүх иргэний эрх ашигт хамааралтай, тэдний ашиг сонирхлыг татаж байгаа учраас хувьцааны асуудал дээр төр засгаас гарах шийдвэр бүрийг хүн бүхэн ажсаар байгаа билээ.

Өргөдлийн байнгын хорооны тогтоолоор “Тавантолгой” төсөлд 1072 хувьцаатай холбоотой бүлэг, заалтыг оруулахаар Засгийн газарт, тэр дундаа ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан даалгалаа. Тэрээр “Эрдэнэс Таван толгойд иргэдийн эзэмших 1072 ширхэг хувьцааны асуудлыг УИХ шийдвэрлэнэ” хэмээн тайлбарласан байдаг аж. Тэгвэл УИХ-ын Өргөдлийн байнгын хороо ийм шийдвэр гаргасан учраас ямартай ч хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн үеэр 1072 хувьцааны тухай яригдах нь ойлгомжтой болж байна.

Асуудал сайнаар шийдвэрлэгдвэл хувьцаагаа сая төгрөгөөр худалдаалсан иргэд ч ашиг мөнгөө авах боломж нээгдэнэ гэж ойлгогдож байна.  Эсвэл тогтоолын нэгдүгээрт зааснаар “Монгол Улсын иргэдэд олгосон “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг Засгийн газрын нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх, хөрөнгийн болон хувьцааны бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн цэгцэлж, нийт хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хувьцааг баталгаажуулах арга хэмжээ” авах гэж заасны дагуу хувьцаа эзэмшиж, ашгаа хүртэх ч боломжтой юм.

Тэгэхээр Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт өгсөн энэ даалгавар сураг нь тасраад байгаа хувьцаанаас сайн, муу аль нэг мэдээг дуулгах нь ойлгомжтой болоод байна. Олон ч жил дуншиж байгаа учраас сайхан мэдээ байгаасай хэмээн иргэд, олон нийт хүсэмжилж байна. Харин ямар мэдээ дуулгах нь Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт, Монгол Улсын сайд, “Таван толгой” төслийн ахлагч М.Энхсайхан нараас хамаарах нь. 

Ами

Olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button