​Шилэн дансны хуулийн хэрэгжилт ямар байна вэ

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлээд гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр авлига, зүй бус үйлдэл, төсвийн буруу зарцуулалтыг иргэд, олон нийт хянах боломжтой гэж албаныхан мэдэгдсэн. Гэвч хяналт тавих аргачлал нь “ойлгомжгүй байна” гэсэн гомдол иргэдээс ихээр ирэх болж.

Тодруулбал, Шилэн дансны тухай хуулиар төрийн байгууллагууд “таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ”-гээ тайлагнах ёстой гэж заасан. Гэтэл өнөөдөр буюу 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар шилэн дансны цахим хуудсаа нээж, гүйлгээ хийсэн тухайгаа тайлагнаж, мэдээлэл хийгээгүй төрийн байгууллагууд олон байна. Хуулиар тэдгээр байгууллагуудыг олон нийтэд мэдээллээ ил тод болохгүй байна хэмээн буруутгамаар. Гэвч энэ хугацаанд “таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” үнэхээр хийгдээгүй бол шилэн дансаа бөглөсөнгүй гэж буруутгах нь учир дутагдалтай юм.

Жишээлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц шилэн дансандаа ямар нэг мэдээлэл оруулаагүй байгаа. Энэ тухай тус байгууллагаас тодруулахад “Манай байгууллага шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлого, зарлагын гүйлгээ хийгээгүй. Тиймээс одоогоор шилэн дансандаа мэдээлэл оруулаагүй байна. Манай байгууллагын хувьд хуулиа биелүүлж ажиллаж байгаа. Цаашид ч хуульд зааснаар зохих мэдээ, мэдээллээ цаг тухай бүрт нь оруулж байх болно” гэж мэдэгдлээ.  

 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button